Монгол Улсын нэрийн өмнөөс Иран бөх Саид Моллаи барилдана

Админ
2019/12/02

Ираны жүдоч, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Ази тивийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллаи иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болов.

 

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д барилддаг, 27 настай С.Моллаи Монгол Улсын шигшээ багийн тамирчин болж анхны тэмцээндээ хүчээ сорихоор бэлтгэлээ базааж байгаа бөгөөд 12 дугаар сарын 12-14-нд БНХАУ-ын Жиндао хотод болох “World masters” тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ.

 

Иран улсын Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосноос тус улсын жүдочид энэ жил Токио хотноо болсон ДАШТ-д барилдаагүй. ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саид Моллаигийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байв. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй Ираны бусад жүдочдыг ч бид дэмжих болно. Хэрвээ Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Иран жүдоч Саид Моллаигийн чин зорилт нь “Токио-2020” олимпын наадмаас олимпын медаль хүртэх төдийгүй олимпын аварга болох юм байна. Ийнхүү  өмнөд хөршид болох “Qingdao masters-2019” тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг жинд Монгол Улсаас 4 жүдоч хүч үзнэ. Тухайлбал, У.Отонбаатар, Н.Дагвасүрэн, Г.Баянмөнх, Саид Моллаи нар багтжээ.

 

https://montsame.mn/mn/

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна