Н.НОМТОЙБАЯРЫН БАС НЭГЭН “НО” БУЮУ ДӨРВӨН ТЭРБУМЫН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ

Админ
2019/12/02

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар сүүлийн үед таагүй мэдээлэл нэлээд түгэх болсон. Түүнийг АН-ын дэд дарга Г.Батхүү агсны хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн хэмээн Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа талаар өөрөө мэдэгдсэн. Тус мэдээллийг албаныхан ч баталж байгаа юм. Тэгвэл түүнтэй холбоотой бас нэгэн но-той мэдээлэл гарч эхэлсэн нь ДӨРВӨН ТЭРБУМЫН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ. 


Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам баталж, түүний 5.3 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд 5.0 сая хүртэл төгрөг байх” хэмээн заажээ.  

 

Үүний дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж баталжээ.

 


Тус удирдамжийн дагуу ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа даргын тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагджээ. Гэвч төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг нэг ч удаа хуралдалгүйгээр нэр бүхий 27 аж ахуйн нэгжид дээрх хүүгүй зээл олгосон байна. 

 

Тодруулбал ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар иргэн, аж ахуйн нэгжүүдэд 200 сая төгрөгийн зээл буюу нийт нийт дөрвөн тэрбум төгрөг олгосон болох нь нотлогдож буйг эх сурвалжууд баталсаар байна.


Ажлын хэсэгт багтсан зарим ажилтан нь зарим  төслийнх нь бичиг баримтад гарын үсэг зурахаас татгалзсан ч дарга нар нь “Санаа зоволтгүй, яамнаас шийдвэртэй учир шууд гарын үсгээ зур” хэмээн тулган шаардаж зуруулж байсан гэх. 


Мөн энэ талаар хэрэгт шалгагдаж байгаа (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нар ч мэдүүлэгтээ дурджээ.  “Тухайн үед манай яамны сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаярын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж, хууль зөрчиж зээл олгосон. Энэ асуудалд Н.Номтойбаяр холбоотой” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байна.

 

Улмаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг ажлаас нь түдгэлзүүлж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байна. 

 

Б.Өрнөх


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна