БҮЛЭГ: УИХ-ын сонгуулийг 50:26 тогтолцоогоор явуулах хуулийн төсөл боловсруулжээ

Админ
2019/12/02

УИХ дахь МАН-ын бүлэг  Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар болжээ.  Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ээлжит сонгуулиас зургаан сарын өмнө батлах ёстой. Тиймээс энэ сард багтаан уг хуулийг батлахаар тогтсон байна. Түүнчлэн УИХ-ын, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулах нь зөв хэмээн үзсэнийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.

 

Сонгуулийн тухай хуулийг боловсруулах явцад улс төрийн нам, иргэд, ТББ-аас 410 гаруй санал ирүүлсэн байна. УИХ-ын сонгуулийг 50:26 буюу том, жижиг мажоритар тогтолцоогоор зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, УИХ-ын 50 гишүүнийг тойргоос сонгоно. Харин 26-г нь улсын хэмжээнд нэр дэвшигдээс сонгох аж. Иргэд санал өгөхдөө өөрийн тойрогтоо нэр дэвшиж буй улс төрчдөөс нэгийг, улсын хэмжээнд нэр дэвшиж буй хүмүүсээс нэгийг нь сонгоно гэсэн үг юм.

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулсан Сонгуулийн хуулийг боловсруулах УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан даргатай ажлын баг хоёр жилийн хугацаанд уг асуудлыг судалсан байна. 2015 онд УИХ-ын, Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг хуулийн дагуу зохион байгуулсан. Энэ үед тодорхой хэмжээний алдаа, зөрчил гарч байсан тул гурван сонгуулийг тусдаа хуулиар зохицуулах нь зөв гэж үзсэнээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тодруулсан юм.

 

Мөн сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ буюу Фейсбүүк, Твиттерт нэр, хаяг тодорхойгүй хаягнаас бусдын нэр хүндэд халдахыг хязгаарлана. Харин нийгмийн сүлжээг бүхэлд нь хаахгүй. Түүнчлэн нэр дэвшигч өөрийн албан ёсны хаягтай байх шаардлага тавьж буй юм. Энэ нь иргэдийг бусдын нөлөөнд автахгүйгээр саналаа өгөх боломжийг бүрдүүлэх зорилготой аж.

 

Одоогийн хуулиар сонгуулийн сурталчилгаа 21 хоног байхаар зохицуулсан бол шинээр боловсруулж буй хуулийн төсөлд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан үеэсээ сурталчилгаагаа эхэлж болох заалт тусгажээ. Ингэснээр УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа 2-3 хоногоор нэмэгдэх юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна