Гэр бүл салалт 10 дахин нэмэгджээ

Админ
2019/12/02

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Зөвлөлийн хуралд ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллагуудын төлөөллийг урин оролцуулж, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 2016 онд баталсан хуулиудын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон юм.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд хэлэхдээ: “ШИНЭ нам бол олон ТББ, иргэний хөдөлгөөнүүдийн нэгдэл. Үүн дотор хүний эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг олон байгууллага бий. Тэдгээрийн төлөөлөл, холбогдох төрийн байгууллагуудаас албаны хүмүүс ирж, 2016 онд УИХ-аас баталсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Өнөөдрийн мэдээллээс харахад, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.4 хувиар өссөн байна. Монгол Улсад жилдээ 20 мянга орчим гэр бүл батлуулж байгаа ч 4-5 мянган гэр бүл цуцлуулж байна. Өөрөөр хэлбэл, таван гэр бүл тутмын нэг нь цуцлагдах нөхцөл байдал бий болсныг монгол гэр бүлийг сүйрүүлэх бодлого явж байна гээд хэлэхэд буруудамгүй. 400, 500-гаар яригддаг байсан гэр бүл салалт сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгдсэн байна. Монголын нийгмийн үндэс суурь өнөөдөр ганхаж байна. Энэ асуудалд ШИНЭ нам онцгой анхаарал хандуулж, Монгол төрийн бодлогыг гэр бүл дээр суурилсан төрийн бодлого болгож өөрчлөх, хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэх, татвар урамшууллын зэрэг бүхий л бодлогоор залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр олон хууль тогтоомж боловсруулж, анхаарч ажиллах болно гэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оноос өссөн байна. Энэ нь мэдээлэл сайжирсантай холбоотойгоос гадна бодит өсөлт ч бий. Гэр бүлийн хүчирхийлэл болсон тохиолдолд эхлээд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг. Давтан зөрчил үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Гэвч гэр бүлийн хэргийн давтамж буурахгүй байна. Энэ нь баривчлах шийтгэл эдэлж буй хүмүүст зан үйлийн сургалт үр дүнтэй явуулахгүй байгааг харуулж байгаа юм. Хөдөө орон нутагт баричвлах байран дээр нэг бол эмч авчраад бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэсэн сэдвээр яриа хийлгэчихдэг эсвэл нэг багш авчраад яриа хийлгэчихдэг. Энэ нь хуульзүйн сайдын баталсан агуулга хөтөлбөрийг хангахгүй байгаа учраас үр дүнтэй байж чадахгүй байна гэж харж байна. Тэгэхээр зан үйлийн сургалтыг тодорхой төсөвтэйгээр мэргэшсэн багш нарыг бэлтгэж, явуулах юм бол үр дүнтэй байна хэмээн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Н.Арвинтариа хэллээ.

 

ШИНЭ намын зөвлөлийн хурлаар хэлэцсэн дараагийн асуудал бол Монгол Улсын өр. Энэ талаар тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүн, эдийн засагч Х.Батсуурь хэлэхдээ “Засгийн газрын өр 2019 оны 3-р улирлын байдлаар нэрлэсэн үнээр 24.7 их наяд, өнөөгийн үнэ цэнээр тооцох юм бол 20.7 их наяд төгрөг байна. Үүний 84 хувийг гадаад валютаар төлөх өр эзэлж байна. 2020 оны төсөвт 960 тэрбум төгрөг тусгасан, энэ бол зөвхөн өрийн хүүгийн зардал. Гэтэл ирэх онд томоохон зардал буюу зээлийн үндсэн төлбөрүүд хийгдэнэ. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкинд Засгийн газрын баталгаа гаргасан өр болох 500 сая ам.доллар, мөн Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай хийсэн свот хэлцлээр авсан 15 тэрбум юань буюу 2.2 тэрбум долларын өрийг төлөх ёстой. Тэгэхээр 2020 оны 5-7 дугаар сард нийт 2.7 тэрбум ам.долларын төлөлт хийх нөхцөл үүсчихээд байхад үүнийг төсөвт огт тусгаагүй, хэрхэн төлөх талаар мэдээлэл алга” гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Төв банкны өрийг Засгийн газарт хамаагүй гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ бол төрийн өр. Монголбанк, Засгийн газар, УИХ нийлээд бүгд төлөх ёстой юм шүү” гэдгийг онцолсон юм.

 

ШИНЭ намын зөвлөл долоо хоног бүрийн даваа гарагт хуралдахдаа нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар холбогдох талуудыг байлцуулан, нээлттэй хэлэлцүүлэг хийж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна