Хүннүгийн үеийн булшийг тоносон этгээдүүдийг илрүүлжээ

Админ
2019/12/03

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн үеийн булш ухагдаж, гэмт этгээдүүд нь булшнаас авсан эд зүйлээ зарах гэж байна гэх мэдээллийг Дорноговь аймгийн цагдаагийн газар хүлээн авч арваннэгдүгээр сарын 3-наас  Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийнхэн шалгаж эхэлжээ.

 

Хэргийн газар түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй эртний барилга архитектурын, археологийн төрлөөр бүртгэгдсэн байна.

 

Уг хэргийг Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат “З”, “Г” нар нь 2019 оны тавдугаар сарын 20-ны орчимд тус аймгийн Хатанбулаг сумын нутагт металл хайгч багаж ашиглаж эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг зэвэрсэн байдалтай гуулин эд зүйлсийг газрын хөрснөөс ухаж гарган улмаар худалдах зорилгоор хадгалсан байна. Сэжигтэн “З”-г Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.

 

Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрт нь үзлэг хийж эд мөрийн баримтаар эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйлсийг хураан авсан.

 

Мөн хураагдсан эд зүйлийг Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд: Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болохыг тогтоогдсон. Эдгээр зүйлсийн үнэлгээг тоон утгаар илэрхийлэх боломжгүй, соёлын хосгүй үнэт зүйлсийн ангилалд багтах эд зүйл болох нь тогтоогдсон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна