Д.Ялалт: Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн согтуугаар үйлдэгдэж байна

Админ
2019/12/06

Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан, өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй томоохон асуудал бол жендерт суурилсан хүчирхийлэл юм. Дэлхийн 180 гаруй улс орон жил бүр “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс уг аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой хүчирхийллийн эсрэг “ОйлГОЁ ХҮНдэлье” урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг улс орон даяар өрнүүлж байна. Уг арга хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. 


“ОйлГОЁ ХҮНдэлье” аянд төрийн байгууллагууд идэвхитэй нэгдсээр байна. Тэдний нэг нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн хамт олон. Энэ талаар тус тасгийн мөрдөгч, Дэслэгч Д.Ялалтаас тодрууллаа. 

 


-    Улс орон даяар “Ойлгоё, хүндэлье” аян өрнөж байна. Танай алба энэ аяны хүрээнд ямар ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ? 


-    Хүчирхийллийн эсрэг  улс орон даяар “Ойлгоё хүндэлье” гэсэн аян зохион байгуулагдаж байна. Манай алба хүний эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдлийг дагнан шалгадаг. Өөрөөр хэлбэл аливаа хүчирхийллийн хэргийн халуун цэг дээр нь байдаг болохоор аяныг эхнээс нь дэмжиж, дүүргийнхээ нутаг дэвсгэр дээр байрлах Их дээд сургууль болон ЕБС-ийн сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.

 


-    Гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд, эмэгтэйчүүд өртдөг байсан бол сүүлийн жилүүдэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр өртөх болсон гэх мэдээлэл цөөнгүй гарч байна?   


-    Энэ төрлийн гэмт хэрэгт бүх насныхан өртөж байна. Өдөрт манай цагдаагийн байгууллагад 100-150 дуудлага мэдээлэл ирдэг. Эдгээр дуудлагын 3/1 нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Хэдийгээр дуудлага мэдээлэл энэ мэт ирдэг ч гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт байсаар байна.  Энэ бол аюулын харанга. 

 


-    Далд хэлбэрт байгаагийн учир шалтгааныг нь албаны хүний хувьд юу гэж харж байна вэ?


-    Энэ төрлийн гэмт хэрэг далд байдгийн нэг шалтгаан нь хөршийн харилцаа муугийнх. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд байгааг харсаар, сонссоор байж цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй. Нөгөө талаар эхнэр нөхрүүд дараа нь гарах үр дагавараас айж, нуудаг зэргээс гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр үйлдэгдэж байна. 

 


-    Эхнэр нь агсам тавиад байна гэх дуудлага өгдөг, дараа нь суллагдсан нөхөр дахиад л хүчирхийлэл үйлддэг үзэгдэл нэлээд байдаг. Үүнийг хуулиар яаж зохицуулж байна вэ?


-    Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Эрүүгийн хууль шинэчлэгдсэнээс хойш гэр бүлийн хүчирхийлэлд гэмтлийн зэрэг тогтоохоо больсон. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар хэрэв гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл эхний удаад 450,000-1,350,000 төгрөгөөр торгодог. Харин гэмт үйлдэл нь гурваас дээш буюу удаа дараа хүчирхийлэл үйлдвэл нэг жилийн хорих ялаар шийтгэдэг болсон. Ингэхдээ тухайн хохирогчийн гэмтлийн зэргийг нь тогтооно. Хэрэв хүнд байвал ял нь нэмэгддэг. 

 


-    Ер нь ямар тохиолдолд хүчирхийлэл үйлдэгдээд байна вэ?


-    Ихэнхи хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Тиймээс энэ төрлийн хэрэглээгээ зөв зохистой болгож, гэр бүлийн уур амьсгал, үр хүүхэддээ хандаж байгаа хандлагаа өөрчлөхийг уриалж байна. Аливаа хэлбэрийн хүчирхийллээс ангид байж, бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцохыг ард иргэдэдээ мөн уриалж  байна.

 

Д.Энх
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна