ОХУ олимп, олон улсын тэмцээнд оролцох эрхээ дөрвөн жилээр хязгаарлууллаа

Админ
2019/12/10

Швейцарийн Лозанна хотоос Олон улсын допингийн эсрэг агентлаг /WADA/ -ийн гүйцэтгэх хороо мэдэгдэл хийж, ОХУ-ын шигшээ баг 2020 онд болох Токиогийн олимп, пара олимп 2020 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхгүй болсныг дуулгалаа.  Гэхдээ ОХУ-ын  допинг хэрэглээгүй гэдгээ нотолж чадсан тамирчид цагаан тугийн дор олон улсын тэмцээнд оролцож аж.

 

Оросын спортын эмч, доктор Григорий Родченков гэх хүн хоёр жилийн өмнө Оросын допингийн эсрэг агентлаг буюу “RUSADA” хэрхэн тамирчдын шинжилгээний хариуг сольж олон улсын спортын холбоод болон “WADA”-г мэхэлдэг талаар шүгэл үлээсэн билээ.

 

Энэхүү гомдлын дагуу “WADA”-ын Хяналтын хороо “RUSADA”-д шалгалт явуулж хэд хэдэн ноцтой зөрчлийг хөдлөшгүй баримтаар илрүүлсэн юм. Ингээд “WADA”-ын зүгээс “RUSADA”-г хамтран ажиллахыг санал болгосон ч талууд тохиролцоогүйн улмаас хэд хэдэн спортын хориг арга хэмжээ гаргах хүсэлтийг Гүйцэтгэх хороондоо хүргүүлсэн нь ийнхүү  эцсийн шийдвэрээ гаргажээ.

 

Хамгийн гол нь “RUSADA” “WADA”-тай хамтран ажиллахдаа тамирчдын шинжилгээний хариуны дата мэдээллийг хуурамчаар мэдүүлж, тэр нь хөндлөнгийн байгууллагын шалгалттай илт зөрсөн явдал нь Хяналтын хорооны зүгээс энэхүү хүсэлтийг Гүйцэтгэх хороондоо илгээх гол шалтгаан болсон байна. 

 

ОХУ-ын допингийн эсрэг агентлаг Rusada-д тус хоригийн эсрэг давж заалдах 21 хоног бий. Хэрэв давж заалдвал хэргийг олон улсын спортын арбитрын шүүхээр авч хэлэлцэх дүрэмтэй.

 

Олон улсын допингийн эсрэг агентлаг /WADA/-ийн Ерөнхийлөгч "ОХУ бол дэлхийн допингийн эсрэг олон улсын холбоонд дахин нэгдэх, тамирчдынхаа сайн сайхны төлөө, спортын шударга өрсөлдөөн, эв нэгдлийн төлөө дэлхийн допингийн эсрэг эвсэлд дахин нэгдэх бүхий л боломжийг өгсөн. Гэсэн хэдий ч ОХУ хамтран ажиллахаас татгалзаж бүхнийг үгүйсгэлээ" хэмээн мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна