ДОНАЛЬД ТРАМПЫН ХҮҮГИЙН ӨМНӨ "СӨХӨРСӨН" МОНГОЛЫН ХУУЛЬ

Админ
2019/12/16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Жуниорыг Монгол улсын хуулийг зөрчиж, ховор ан  амьтан агнасан хэргийг Олон улсын байгууллагууд илчилж эхэллээ. Хамгийн сонирхолтой нь энэ мэдээлэл Монгол улсаас задарсангүй.  Харин зэрлэг ан амьтныг хамгаалах байгууллагынхан хөндсөн нь Монгол төр хуулиа зөрчиж, Дональд Трампын хүү Жуниорт хөл алдсныг гадныханд зарласнаас өөрцгүй болж байна.

 

Монгол улс хэдийгээр хөгжингүй орон ч “Ази дахь Ардчиллын өлгий” гэгдэг. Ардчиллын амин сүнс нь хүн бүр тэгш эрхтэй байх хууль. Эрхэм дээдэс ч бай, энгийн иргэн ч бай хууль зөрчвөл хариуцлага хүлээдэг байх нь бидний 30 жилийн өмнөөс зорьж буй шударга ёс. Харамсалтай нь манай улс том гүрний “ханхүү”-д ардчилсан ёсоо мэдрүүлж чадсангүй. Түүнийг хууль зөрчиж, ховор ан амьтан агнасныг нь илчилж чадсангүй. Харин бидний өмнөөс Олон улс ийнхүү дуугарчээ. Ингэхдээ Монголын төрийн байгууллагууд зөвшөөрлийг нь түүнийг явахад нь гаргаж өгсөн гэх мэдээлэл байна. Ичмээр биш гэж үү...

 

Мэдээллийг дэлгэрүүлье. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор нь өнгөрсөн наймдугаар сард Монголд ирэхдээ ховордсон ан амьтдын тоонд ордог аргаль агнасан бөгөөд тухайн үедээ тусгай зөвшөөрөл аваагүй байж байгаад есдүгээр сарын 2-нд буюу АНУ руу буцахдаа зөвшөөрлийг нөхөж авсан талаар АНУ-ын эрэн сурвалжлах “ProPublica” сайт анх мэдээлсэн. Улмаар уг мэдээлэлтэй холбогдуулан  АНУ-ын “Биологийн олон янз байдлын төв” ТББ-аас АНУ-ын Загас, зэрлэг ан амьтан хамгаалах байгууллагад ханджээ. Уг захидалд “Эцэг нь АНУ-ын Ерөнхийлөгч байсан ч Барууны баян чинээлэг цагаан арьстнуудад хууль бус ан, хулгайн ан хийх давуу эрх олгохгүй байхыг бид уриалж байна” хэмээн онцлоод Дональд Трамп Жуниорын Монголд зөвшөөрөлгүйгээр ховор ан амьтан агнасан хэргийг нарийвчлан шалгаж өгөхийг шаардсан захидлыг илгээсэн байна. Түүнчлэн бага Трампыг  “Lacey Act” гэж нэрлэгддэг хуулийг зөрчөөгүй гэдгийг батлахыг хүсчээ. Уг хуулиар бусад улс орны хуулийг зөрчин агнасан ан амьтан болон түүний эд эрхтнийг АНУ-ын хилээр давуулахыг хориглодог аж.

 

Энэ талаар “Биологийн олон янз байдлын төв”-ийн хуульч Таня Санериб  “Бага Трампын аргаль хэмээх ховордсон амьтныг агнасан явдал бол зүгээр өнгөрүүлж болохгүй үйлдэл. Загас, Зэрлэг ан амьтан хамгаалах байгууллага энэ хэрэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв аргалийг агнах үед Монгол Улсын хууль зөрчигдсөн бол тэр амьтны толгой АНУ-ын Ерөнхийлөгчийн хананд өлгөөтэй байх ёсгүй. Энэ амьтны тоо толгой огцом буурч байгаа нь бидэнд хатуу чанга хууль дүрэм, түүний хэрэгжилт дутагдаж байгааг харуулж буй тод жишээ юм” хэмээн хэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна