О.Доржсүрэн: Харшийн сүлд модны наадмаас хүүхдүүд ухаарал, аз жаргалыг мэдэрдэг 

Б.Ариунзаяа
2019/12/20

Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолбор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадмаа хүүхэд багачуудын дуу хуур, инээд баясал, баяр хөөр дунд эхэллээ. 38 жилийн түүхтэй уг харшийн наадам энэ жил “Ам Цагаан Хулгана аз жаргалын эрэлд мордсон нь” нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Наадамд оролцож буй бяцхан авъяастнууд Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн иржээ. Бүтэн долоо хоногийн турш /2019.12.19-12.25/ зохион байгуулагдах тус наадмын талаар Олон улсын Найрамдал цогцолборын Ерөнхий захирал О.Доржсүрэнгээс тодрууллаа.

 

–    Харшийн сүлд Модны наадам хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байна вэ?

 

–    Олон улсын Найрамдал цогцолбор энэ жил 38 дахь удаагийн Харшийн сүлд модны наадмаа зохион байгуулж байна. Анх 1981 оноос сайнчуудын шинэ жил нэртэйгээр зохион байгуулагдаж байсан Харшийн сүлд модны наадам маань дундаа хэдэн жил завсардсан ч сүүлийн 20 гаруй жил тасралтгүй зохион байгуулагдаж, хүүхэд багачуудтайгаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байна.

 

 

–    Өнгөрсөн жил, тэрний өмнөх жил Харшийн сүлд модны наадам үзсэн хүүхэд багачууд энэ жилийн наадам ямар болох бол гэсэн хүлээлттэй байгаа байх?

 

–    Энэ удаагийн Харшийн сүлд модны наадмын амин сүнс болсон хүүхдүүд маань ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн. Нийт 11 аймгийн Үндэсний болон олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон авьяаслаг хүүхэд багачууд энэ жилийн Харшийн шинэ жилийг чимэж байна. Энэ жилийн хувьд “Ам Цагаан Хулгана аз жаргалын эрэлд морьдсон нь” нэртэйгээр маш сонирхолтой арга хэмжээнүүдтэй, зорин ирсэн хүүхэд бүрт аз жаргалтай дурсамж үлдээхүйц байдлаар найруулж байна. Учир нь шинэ жилийн баярт хүүхэд болгон дуртай байдаг. Ирэх жил ингэнэ, тэгнэ гээд л мөрөөдлөө хуваалцдаг. Том хүмүүс ч гэсэн энэ баяраар ирэх жил илүү их сайн сайханд тэмүүлэх зорилго тавьдаг шүү дээ. Тиймээс харшийн наадам маань үеийн үед сайн сайхан, зөв зүйл рүү тэмүүлэхийг зорьдог. 

 

 

–    Энэ жилийн хувьд “Ам Цагаан Хулгана аз жаргалын эрэлд морьдсон нь”  нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа нь цаанаа ямар нэг утга илэрхийлж байгаа юу?

 

–    “Ам Цагаан Хулгана аз жаргалын эрэлд морьдсон нь”  нэртэйгээр зохион байгуулагдаж байгаагийн учир нь удахгүй хулгана жил гарах гэж байгаатай холбоотой. Бид театрчилсан тоглолтодоо тухайн жилдээ хүүхдийн талаар гаргасан төр, засгийн бодлого, Найрамдал цогцолборын зорилтоо шингээж өгдөг. Энэ жилийн тухайд гэхэд л ардын зүйр цэцэн үгээр хүүхдүүд маань өөрийнхөө хэрхэн зөв зүйлд залж болох вэ, аз жаргал гэж юу вэ, аз жаргалыг хаа нэгтээгээс хайх биш хажууд чинь байдаг шүү гэдгийг харуулахыг хичээж байна.

 

Их сургамжтай, мэдлэг нэмэгдүүлсэн тоглолт гэхэд болно. Учир нь сүүлийн үед цахим хэрэглээ өндөр болж байгаагийн хэрээр хүүхдүүдэд маань мэдлэг мэдээллээ дэлхий дахинаас шууд авч байна. Монгол ёс заншил, өв уламжлал маань мартагдах тал руугаа орж байна. Адаглаад зүйр цэцэн үг цаанаа ямар утга санаа агуулж байна вэ, яагаад ингэж илэрхийлж байна вэ гэдгийг хэлж өгөх эцэг, эхчүүд цөөрч. Тиймээс бид монгол хэлний баялаг үгийн сан зүйр цэцэн үгээр дамжуулж, чи өөрөө амьдралынхаа, аз жаргалынхаа гол утга учир, түлхүүр нь шүү гэдгийг харуулахыг зорьж байна.

 

 

–    Харшийн сүлд модны наадам нэг өдрийн арга хэмжээ байдаг учраас хүүхдүүд их дуртай байдаг байх. Тоглолтоо үзчихнэ, хоолоо идчихнэ, бэлгээ авчихна, бас олон найз нөхөдтэй болдог гээд л.

 

–    Тэгэлгүй яахав. Бид өдөрт хоёр удаа зохион байгуулж үзсэн. Гэхдээ бүтэн өдрийн арга хэмжээ нь илүү хүүхдүүдэд хүртээмжтэй юм байна гэдэг дээр тогтсон. Учир нь хүүхдүүд маань өглөө ирээд Найрамдал зуслангийн өртөөчилсөн хөтөлбөрүүдэд хамрагддаг. Цана чаргаар гулгана, хөгжөөнт тоглоомоор тоглоно.  Мөн хүүхдүүдээ хооронд нь танилцуулах зорилгоор танилцах өдөрлөгийг зохион байгуулдаг. Дараа нь  тогооч нарынхаа хийсэн амттай сайхан хоолыг идээд, “Хараацай” театртаа тоглолтоо үзээд Өвлийн өвгөн ааваасаа бэлгээ гардаж авдаг.

 

 

–    38 жилийн турш зохион байгуулагдаж ирсэн Харшийн сүлд модны наадамд тогтсон уламжлал гэж бий юу?

 

–    Шилдэг хүүхдүүд л Найрамдалд амардаг гэх ойлголт байдаг. Тэр утгаараа Харшийн сүлд модны наадамд урлаг, авьяасаараа тэргүүлсэн сурагчид наадмын маань нэг хэсэг болон оролцдог. Энэ нь магадгүй Найрамдал зуслан өнөөдрийг хүртэл үнэ цэнэтэй оршиж байгаагийн утга учир ч байж мэднэ. Бид Харшийн наадамдаа оролцох хүүхдүүдийнхээ мэдээллийг жилийн турш цуглуулдаг. Урлагийн сургуулиудын лицей сургуулиудаас эхлээд, дүүрэг, аймаг сумдуудын Хүүхэд гэр бүл хөгжлийн газраар дамжуулж, мэдээллүүдийг нь авдаг. Дараа нь тэдгээр хүүхдүүдээсээ сонгон шалгаруулж, сургууль болон эцэг эхчүүдтэй нь харилцан зөвшилцөж байж тоглолтодоо оролцуулдаг. Нэмж хэлэхэд хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлье, цаашлаад Харшийн наадамд оролцуулъя гэвэл манайд хандаж болно гэдгийг онцолъё.

 

 

–    Харшийн сүлд модны наадмаас хүүхдүүд ер нь ямар сэтгэгдэлтэй гардаг вэ?

 

–    Ажиглахад насны онцлогоос хамаараад өөр өөр сэтгэгдэлтэй гардаг. Бага насны хүүхдүүд аз жаргалыг илүү мэдэрч, инээд баяслаар дүүрэн гардаг бол дунд, ахлах ангийн хүүхдүүд ухаарал авдаг гэж би ойлгодог. Тиймдээ ч эцэг эхчүүд маань манай төвд ам сайтай байдаг байх. Энэ жилийн хувьд гэхэд л Харшийн сүлд модны наадмыг долоо хоногийн турш зохион байгуулахад нэг ээлжиндээ 650 хүүхдийг хүлээж авч байна. Энэ нь нэг талаар хүүхдүүд Найрамдалд ирэх дур сонирхолтой их байна, нөгөө талаар эцэг эхчүүд хүүхдүүд нь Найрамдалд яваад ирэхдээ “өөр” болдог  гэдгийг мэдэрсэн болохоор хүүхдүүдээ явуулах сонирхолтой байдаг юм болов уу.

 

 

–    Ирэх долоо хоногоос сурагчдын амралт эхлэх гэж байна. ОУНЦ өвлийн ээлжээ хэзээ хүлээж авах вэ?

 

–    Энэ жилийн сурагчдын амралт төлөвлөж байснаас наана болж байна. Бид Харшийн сүлд модны наадмаа 7 хоног буюу энэ сарын 25-ны дуустал зохион байгуулна. Үүний дараа өвлийн ээлж буюу 2020 оны анхны ээлжээ ирэх нэгдүгээр сарын 03-нд авахаар төлөвлөж байна. Хамтарч ажилладаг байгуулага болоод өөрсдийн зүгээс бэлтгэлээ базаагаад онлайнаар захиалгаа авчихсан. Одоогоор захиалга маань дүүрчихсэн байна.

 

  Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна