Д.Эрдэнэбат: Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг сонгуультай холбож,эдийн засгаа бүү баллаасай

Админ
2020/01/06

Өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөл ээлжит хуралдаанаараа цаг үеийн анхаарал татсан сэдэв Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлын талаар хэлэлцэн, байр сууриа илэрхийллээ. 


Ардчилсан намын зөвлөлийн дарга П.Эрдэнэбат энэ талаар "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд “Тэтгэврийн зээл”-ийг нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг гаргасан. “Иргэдээ зээлийн дарамтнаас чөлөөлөх бодлого”-ын хүрээнд гаргаж байгаа энэ асуудал нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн санаачилга гэж Ардчилсан нам үзэж байна.

 

Учир нь 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Ардчилсан нам МУ-ын Ерөнхийлөгчид Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай ийм захидал илгээж байсан. Энэ асуудлын хүрээнд Төрийн тэргүүний гаргасан улс төрийн санаачлагыг ҮАБЗ хүлээж авчээ хэмээн ойлгож байгаа.

 

Ер нь бол МУ-ын иргэн бүр өрийн дарамтгүй амьдрах асуудал нь бидний хувьд хамгийн ихээр тулгамдаад байна. Тиймээс Ардчилсан нам иргэдээ зээлийн дарамтнаас чөлөөлөх тухай бодлогыг хэрэгжүүлэх ажлыг санаачлан дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн санаачлагыг бид бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй.

 

Мэдээж нийгэмд зөв буруугаар талцах янз бүрийн асуудлууд өдөөгдөж байгаа ч бидний туйлын зорилго ямар ч ялгаваргүйгээр тэгш, шударгаар иргэдээ өрийн дарамтнаас чөлөөлөх юм.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ авч хэлэлцэх байх. Засгийн газар ч мөн “Тэтгэврийн зээл”-ийг нэг удаа тэглэх тухай асуудлаар хуралдсан. Үүнтэй холбогдуулан бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу МАН-ын бүлэг болон Засгийн газарт шаардлага хүргүүлэх ёстой гэж үзэж байгаа.

 

Хамгийн гол нь “Тэтгэврийн зээл”-ийг нэг удаа тэглэх эх үүсвэрийг Байгалийн баялгыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэж, МУ-ын Үндсэн хуульд заасан тэгш эрх, шударга ёсны зарчмыг хэлбэртэлгүй дагаж мөрдөх шаардлагатай. Хэд хэдэн гарч болшгүй сөрөг үр нөлөөллөөс бид хамгаалах ёстой. Үүнийг сонгуультай холбон шоу болгон эдийн засгаа битгий баллаасай гэж хүсэж байна.

 

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн соннуульд нэр дэвшихэд Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох захиасанд байсан нэг онцлох зүйл заалт бол “Тэтгэвэр, цалин, оюутны сургалтын төлбөр болон малчны зээлтэй нийт иргэдийнхээ одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг байгалийг баялгаас иргэдэд хүртээх өгөөж болон иргэдэд эзэмшүүлэх хувьцааны ноогдол ашгаар төлүүлэх” гэж орсон. Тиймээс зөвхөн Салхитын мөнгөний ордны асуудал яригдаж болохгүй. Бид эрх зүйн орчноо шинэчилж нэг стратегийн ордыг шинэ Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг баримталж төрийн нийтийн өмчийн компани байгуулахтухай асуудлыг нэг мөсөн ярих ёстой гэж онцгойлон анхаарч байгаа.

 

Өнөөдрийн гаргаж байгаа ҮАБ-ын зөвлөмжийн шийдвэр бол энэ ажлыг хэрэгжүүлэх эхний алхам болж байна. Хамгийн эмзэг бүлэг бол яах аргагүй ахмадууд. Гэхдээ цаана нь гарах үр дагаврыг бид зөв тооцож, нийт өртэй иргэдийнхээ асуудлыг орлоготой амьдралтай, цаашид өрийн дарамтгүй байлгахын тулд Стратегийн ордуудынхаа энэ компанийг байгуулах эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай. Газрынхэвлийнбаялгийнүрөгөөжийгиргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг хазайлгаж огт болохгүй. Үүн дотроо төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаа ягштал мөрдөх ёстой. Хүний эрх эрх чөлөөний зарчмыг баримтлах, хөрөнгө чинээгээр үл ялгаварлан, иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг Засгийн газар яаралтай УИХ-д өргөн барих шаардлагатай. Хэрэв уул уурхайн ордын үр өгөөж буюу орлогыг цаашид иргэдийн өрийг тэглэхэд ашиглах асуудал нь Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвтэй зайлшгүй уялдах учир Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлага үүснэ гэдгийг сануулах нь зүйтэй. Ер нь үүнийг өргөн хүрээгээр олж харах нь чухал.

 

Зөвхөн ахмадуудын тухай асуудал биш. Нийт иргэдийнхээ өрийг стратегийн ордын үр өгөөжөөс цаашид өргүй болгох асуудал дээр Ардчилсан нам илүү санаачлагатай ажиллана. Энэ төсөл, судалгаа санаачлага манай зөвлөлүүд дээр гарсан байгаа. Үүнийг хууль болгон санаачлан ажиллах болно. Мөн З.Нарантуяа нарын гишүүдийн өргөн барих гэж байгаа “Төрийн нийтийн зориулалттай өмчийг иргэн аж ахуй нэгжид эзэмшүүлэх, ашиглуулах тухай хууль”-ийг маш яаралтай УИХ-аар оруулж батлуулахаар ажиллаж байна. Дараагийн асуудал бол Ирээдүйн өв сангийн хуулийг шинэ Үндсэн хуультай нийцүүлэн Үндэсний баялгийн сангийн хуулиа шинэчлэн өргөн барих нь Засгийн газрын үүрэг болон үлдэж байна. Үүнийг ч бас яарах хэрэгтэй. Ер нь цаашдаа гарах эдийн засгийн үр дагаваруудыг бид маш зөв тооцох хэрэгтэй. Уул уурхайн баялагийг ард иргэдэд нийтэд нь тэгш, шударгаар хүртээх асуудал дээр ул суурьтай хандах байх гэж бид найдаж байгаа.

 

Тиймээс энэ асуудлыг сууриар нь зөв зүйтэй шийдэх ёстой гэсэн Ардчилсан намын байр суурийг албан ёсоор мэдэгдэж байна. Олон сөрөг үр дагавар ч гарах болзошгүй. Нэг удаагийн сонгуулийн шоу болгож эдийн засгаа нураахгүй байх, инфляцийн өсөлт, зээл аваагүй иргэдийн тэгш хүртээмж, татвар нэмэгдэхгүй байх баталгаа, Засгийн газрын өр нэмэгдэхгүй байх ёстой зэрэг асуудлууд дээр бид онцгой анхаарах ёстой. Тиймээс өнөөдрийн эхлэл бол тэтгэвэрийн зээлтэй ахмадуудаа өрийн дарамтнаас гаргах юм. Бид үүнийг дэмжинэ. Энэ нь цаашлаад зөвхөн ахмадууд биш, нийт өртэй иргэдэд энэ их баялгийнхаа нөөц боломжийг ашиглаж цаашид өргүй байлгах дээр маш зөв менежментийг хийх ёстой” гэв. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна