АНУ-Д СУУХ Ч.САЙХАНБИЛЭГИЙН АЛБАДАН ИРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН ҮҮ

Админ
2020/01/08

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг үгийг төрийн нэрийн өмнөөс түрүүндээ доллар хавчуулагсад зохиосон мэт. Наанаа ард түмэн гэж аяглан цаанаа авлигыг “хөгжүүлдэг” тэдний амны таглаа болсон энэ үг өдгөө эсрэгээрээ үйлчилж, төрд бугшсан авлигачид түмнээсээ зугтахад хүртэл хүрчээ. 


Эх орноосоо оргон зайлсан эрхэмүүдийн дунд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг толгой цохиж яваа. Эрдэнэтийн 49 хувийн луйврыг гүйцэтгэгч, Дубайн гэрээний “хэрэгтэн” тэрбээр хэдхэн сарын өмнө “Төрийн ордонд байрлах миний зурагны ард  Эрдэнэт үйлдвэр дээр монголын төрийн далбаа ганцаараа мандаж байгаа. Яагаад гэвэл миний толгойлсон ЗГ энэ шийдвэрийг гаргасан болохоор тэр. Эрдэнэт үйлдвэр хэзээ нэг өдөр ОХУ-д байсан 49 хувийн хувьцааг олж ирсэн монгол залуучуудад  зориулж хөшөө босгоно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн даналзаж байсан удаатай. Гэвч тэрбээр камерны өмнө томорсон ч хуулийнхны өмнө хулхи нь буужээ.  Бүтэн дөрвөн сарын турш улс дамжин бадарчилж явна. 


Тэрбээр зугтах ажиллагаандаа гарамгай нэгэн аж. Өмнө нь мөн л эл асуудлаар хууль хяналтынхан эрэл сурал болоход “Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авилга байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй, Улсын Ерөнхий сайд байсан хүн эх орноосоо зугтдаггүй юм, удахгүй очно” хэмээн Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт АНУ-аас захидал бичиж, даапаалж байсан удаатай. Энэ удаа ч мөн АНУ-д орогнож буйг Интерпол тогтоожээ.


Уг нь тэрбээр анх шүүхэд эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорино хэмээн мэдүүлсэн ч ирэх хугацаагаа гуравтанаа хойшлуулсны эцэст АТГ-аас мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн Интерполоор эрэн сурвалжлуулсан. Улмаар байршлыг тогтоож, түүнийг албадан ирүүлэх хугацаа заасан. Ч.Сайханбилэг нь 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр албаны дипломат паспортоор АНУ руу зорчсон гэх мэдээлэл байна.


Түүний байршил тогтоогдсон учир тухайн улсад Ч.Сайханбилэгийг баривчлах санал гаргасан ч тэрбээр өнгөрсөн 12 дугаар сарын 21-ний дотор багтаж Монгол Улсад очно гэдгээ мэдэгдсэн. Харамсалтай нь тэрбээр хуулийн өмнө шударгаар шүүгдэхээсээ, хийсэн хэргийнхээ төлөөсийг төлөхөөс айжээ.  Өнөөг хүртэл хэлсэндээ хүрэлгүй хэсүүлчилж явна. 


Сүүлийн үеийн мэдээллээр АТГ-ынхан Сайханбилэгийг албадан авчирахаар хөдөлж эхэлжээ. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дуусч, хавтаст хэргийг прокурор хянаж байгаа. Хэрэв хууль хяналтынхан Ч.Сайханбилэгийг ойрын хугацаанд албадан ирүүлбэл торны цаана суулгах тогтоол тун удахгүй уншигдах нь тодорхой байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна