Тэтгэврийн зээлгүй иргэдэд сая төгрөгийн урамшуулал олгохоор ярилцжээ

Админ
2020/01/09

ҮАБЗ-өөс ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж, УИХ-д зөвлөмж хүргүүлсэн. Үүний дагуу Засгийн газраас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байна. Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх хэлэлцүүлгийн  явцад зарим УИХ-ын гишүүд зээлтэй иргэдэд боломж олгосон хэрнээ зээлгүй ахмадуудыг ялгаварлаж байгааг шүүмжилсэн.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хоёрдугаар сарын 1-ээс ахмадууд тэтгэврийн зээл авахгүй гэж ойлгосон. Зээлээ төлчихсөн, зээл аваагүй хүмүүсийг яаж шийдэх вэ. Хөгжлийн банк оролцож байгаа нь хууль зөрчих үү. Зээл аваагүй ахмадуудыг яах вэ. Зээлийг нь хаачихаад байна. Цагаан сар болох гээд ахмад настнууд ууц боовоо авах гээд мөнгө хайгаад явж байна. Тэтгэврийн зээлийг хэн ч хүчээр өгөөгүй. Гурван сарын хугацаатай хүүгүй зээл урьдчилж авна гэдэг. Тийм мөнгө банкинд байгаа юм уу. Салхитын мөнгөний ордыг Эрүүгийн цагдаагийн газрын мэдээлэлд тулгуурлан ярьж байна лээ. Хуулийн маргаан нь дуусаагүй байгаа юм биш үү. Зээлтэй иргэдийн зээлийг тэглэж байгаа чинь ялгаварлаж байгаа хэрэг биш үү” хэмээж байв. 


Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэтгэврийн зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөг олгох шийдэл гаргажээ. Ингэхдээ нэг сая төгрөгийг шууд олгохгүй аж. Сар бүр 100 мянган төгрөгөөр хувааж олгох гэх мэт хувилбарыг ярилцаж байгаа гэнэ. Гэхдээ энэ нь эцэслэн шийдэгдээгүй бөгөөд ажлын хэсгийнхэн болон УИХ дахь МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороо хуралдаж, тодорхой шийдэл гарна гэх мэдээлэл байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна