“ЭРДЭНЭТ”-ИЙН удирдлагууд ТЕНДЕРИЙН ХУВИЙГ ХАХУУЛЬ ХЭЛБЭРЭЭР АВСАН байж болзошгүй хэргээр АТГ, ЦЕГ-аас шалгаж эхэллээ

Б.Ариунзаяа
2020/01/10

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж ч амжаагүй, хэргийн холбогдогчид нь гадаад руу оргон зайлсан эгзэгтэй үед балгийг арилгаж, баялгийг сахих үүрэгтэй өнөөгийн удирдлагууд нь хятадуудад найр тавьж, хувь авах ажиллагаандаа гаршиж сууна.

 

Манай сайт сар гаруйн өмнө /2019.12.05/ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН ХЯТАДЫН КОМПАНИУДЫГ ИЛ ЦАГААН ДЭМЖИЖ, ТЕНДЕР НЭРЭЭР ЛУЙВАР ХИЙЖ БАЙНА” гэх баримттай нийтлэлийг хүргэсэн.

 

Тус нийтлэлийг эргэн сануулахад, Өнгөрсөн тавдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам ф820мм ган хоолойг угсрах, түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер шалгаруулалтад БНХАУ-ын компани болох Jiang Guoyinзахиралтай “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-ийг тендерийн хууль зөрчин барин шалгаруулсан байдаг.

 

 

Улмаар бусад компаниуд нь тендер будлиантай болсон талаар Сангийн яаманд мэдэгдэж, тендерийг дахин зарлахад “Синохидро Корпорейшн лимитед” ХХК Монгол төр, хуулийг басамжилж, тендерийн баталгаагаа мөн л дутуу ирүүлсэн төдийгүй хуулиараа хоёр ч удаагийн тендерээс хасагдсан “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-нд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд урилга өгч шууд гэрээ байгуулсан.

 

Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн Тендерийн хороонд Хятад компаний гар хөл эсвэл тендерт танай компанийг заавал ялуулна гэх үүрэг хүлээсэн, авлига авсан албан тушаалтнууд байна уу хэмээн хардах үндэслэл баримт нотолгоо байсан юм. 

 

Тэгвэл Эрдэнэт үйлдвэрт өчигдөр оройноос эхлэн тусгай үүрэг бүхий 16 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт баг ажиллаж эхэлжээ. АТГ, ЦЕГ, ТӨБЗГ, Сангийн яамны хамтарсан уг ажлын хэсгийнхэн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын өрөөнд үзлэг хийж, бүх бичиг баримтыг битүүмжлэн шалгаж эхэлсэн байна. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд тендерийн хувийг хахууль хэлбэрээр авсан байж болзошгүй гэх нөхцөл илэрчээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын тендерийн булхай хууль хяналтын байгууллагаар ийнхүү шалгагдаж эхэлж байна.

 

Эрдэнэт үйлдвэрийн тендерийг захирал Х.Бадамсүрэнгийн тушаалаар байгуулагдсан Тендерийн хороо шалгаруулдаг. Тендерийн хороог Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Т.Батмөнх удирддаг юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна