ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны огцрох ҮНДЭСЛЭЛҮҮД

Админ
2020/01/14

Өнгөрсөн оны 11 дүгээр сард АН-ын зөвлөлөөс Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийж байсан.

 

Тухайн үед Малчдын малаа борлуулдаг үнэ энэ есдүгээр сараас их хэмжээгээр унасан. Дунджаар нэг хонийг 125 мянган төгрөгөөр борлуулдаг байсан бол 100 мянга болсон. Нэг адуунд 200 мянган төгрөгийн үнэ унасан тохиолдол гарсан нь малчдын амьжиргаанд хүндээр нөлөөлж байна. Энэ уналт ХХААХҮЯамнаас махны экспортод квот олгодог болсноос бий болсон. Махны экспортыг квотын асуудлаар боомилох үйл ажиллагаа нь компаниудыг санхүүгийн чадамжгүй, эргэлтийн хөрөнгөгүй болгож байна” хэмээн мэдэгдэж байв.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр тус асуудлаар дахин мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр "Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд Ч.Улааныг огцруулах гурван үндэслэл байна.

 

1. Малын үнийг унагаасан. Малчдын орлогыг багасгасан.

2. Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулсан, дампуурлаа зарлах хэмжээнд хүргэсэн.

3. Хятад эзэнтэй махны үйлдвэрүүдийг дэмжсэн.

 

Өнгөрсөн 9 сард малын үнэ хангалттай хэмжээнд өссөн байсан. Өөрөөр хэлбэл нэг төлөг 100,000 төгрөг, эм хонь 130,000 төгрөг, мөн эр хонь 160,000 төгрөг байсан боловч өнөөдрийн байдлаар энэ үнэ тус бүрдээ 20-30 мянган төгрөгөөр буурсан. Харин бод мал 200,000 төгрөгөөр буурах хэмжээнд хүрээд байна. Энэ бүгдийн шалтгаан Ч.Улаан сайдын гаргасан “алга дарам цаас” буюу Хятад компаниудад өгсөн квотын үрээр үүссэн үнийн уналт юм. Монгол улс 140 гаруй махны үйлдвэрүүдтэй. Үүний зөвхөн 12-т нь БНХАУ-руу мах импортлох квот олгодог. Энэ олгосон квот нь маш цөөн хэмжээгээр олгогдож, их хэмжээний эрэлтийг бий болгож, авлигалаар өгдөг. Үлдсэн 130 гаран компани нь тэдний квотоор махаа экспортлох хүсэлтээ өгдөг ч тэдгээр компани авлигал өгч квот авсан, тиймээс 1 кг мах бүрт төлбөр авч гэх шаардлага тавьдаг.

 

Жишээлбэл, 1 кг адууны мах 5000 төгрөгийн үнэтэй байхад дээр нь нэмээд 12 юаний авлигал буюу Монгол мөнгөөр махны үнэтэйгээ адил хэмжээний буюу 4000 гаруй төгрөг гэсэн үг. Энэ алдагдлаа ААН-үүд малчдын малын үнийг бууруулах замаар нөхөж байна. Махны үнийн бууралт энэ квоттой салшгүй холбоотой. Өнгөрсөн хугацаанд нэг бог борлуулсан малчин иргэн 20,000 төгрөгийн авлигалыг, бод тутамд 200,000 төгрөгийн авлигалыг Ч.Улаан сайдын халаасанд шууд бусаар төлж байна. Тиймээс малчин иргэд өөрсдийн худалдан борлуулсан мал бүрийг дээрх авлигалын дүнгээр үржүүлэн тооцвол хэдэн төгрөгийг Ч.Улаан сайдад өгч байгааг тооцоолон үзээрэй.

 

Мөн дээрх экспортын зөвшөөрлийг олгосон нийтдээ 12 компанийн 9 нь БНХАУ-ын компани, 3 нь Монгол компани боловч сайд дарга нарын эзэмшилд хамааралтай компаниуд байгаа. Махны боловсруулалт, худалдан авалт бүгдийг хийдэг компаниуд кг бүрээс 1,2 юаний ашиг олж байхад, зөвхөн энэ зөвшөөрөл, квотыг өгсөн дарга сайд нар 12 юаний ашигтай ажиллаж малчдаас хулгай хийж байна.

 

Тиймээс малын үнийг унагаасан, малчдын орлогыг хулгайлсан, Монголынхоо махны компаниудыг квот нэрийн дор үйл ажиллагааг нь боомилж, Хятад компаниудыг дэмжиж байгаа Ч.Улаан сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэн нийт малчдынхаа өмнөөс энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна