“Фэйсбүүк” компаниас Монгол Улсад түр хугацаагаар оффис нээж, төлөөллөө ажиллуулна

Админ
2020/01/15

УИХ-ын сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “УИХ-ын сонгуулийн тухай хуулийг үндсэндээ хоёр жил гаруйн хугацаанд боловсруулж баталлаа. Нэлээд чамбай хууль болсон. Өмнө нь гарсан маргаан, алдаа дутагдлыг зассан гэж бодож байна.

 

Тухайлбал, 80 гаруй зөрчлийг шийдвэрлэхээр хуульчилсан. Сонгуулийн үйл ажиллагаанд долоон байгууллагаас хяналт тавина. УИХ хоёрдугаар сарын 1-нээс өмнө санал авах өдрийг товлон зарлаж, тойрог, мандатын хуваарилалтыг гаргана. Хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Санал авах өдрийг тогтоочихвол сонгууль зохион байгуулах нарийн графикийг СЕХ-ноос гаргах юм. Тойрог мандат хуваарилалтыг УИХ өөрөө гаргана. Энэ удаагийн хуулиар олон мандаттай тойргоос 76 гишүүн сонгохоор болсон. Нэг мандаттай тойргуудыг хоёр ба түүнээс дээш мандаттай болгохоор хуульчилсан” гэв.

 

Мөн ХХЗХ-ны хэлтсийн дарга А.Лувсан-Очир "УИХ-ын сонгуулийн тухай хуульд цахим орчин ашиглаж, сурталчилгаа дамжуулах зохицуулалт нэмсэн. Цахим орчинд гурван хэлбэрээр сурталчилгаа хийж болно. Нэгдүгээрт, нам, эвсэл өөрийн веб хуудсаар сурталчилгаа явуулж болно. Хоёрдугаарт, цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсаар сурталчилгаа хийж болно. Өөрөөр хэлбэл,  нэр дэвшигч өөрийн хувийн хаягаар сурталчилгаа явуулах боломжтой.

 

Гуравдугаарт, мэдээ, мэдээллийн цахим хуудсыг ашиглаж болно. Ингэхдээ нам, эвслийн болон нэр дэвшигчийн веб хуудас, өөрийн албан ёсны цахим хуудсаа аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлээгүй бол Зөрчлийн хуулиар торгоно. Гурав дахь мэдээллийн цахим хуудаст сэтгэгдэл бичих боломжгүйгээр тохиргоо хийх юм.

 

Хяналтын тухайд Цагдаагийн төв байгууллага, СЕХ, ХХЗХ хамтарсан журам боловсруулна. Хуурамч хаяг, мэдээллийг хянахын тулд хуулийн зохицуулалт бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл,  хуурамч хаяг, мэдээлэлтэй холбоотой гомдлыг хуулийн байгууллагад шалгуулж, үндэслэлтэй гэж үзвэл ХХЗХ-ноос технологийн арга хэмжээ авна. Хуурамч, хаяг мэдээллийг устгана гэсэн үг. 

 

ХХЗХ “Фэйсбүүк” компанитай хамтарч ажиллаж байгаа. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд “Фэйсбүүк” компаниас Монгол Улсад түр хугацаагаар оффис нээж, төлөөллөө ажиллуулна. Энэ талаар уулзалт, хэлэлцүүлэг хийж байна. Сонгуулийн санал авах өдрөөс 24 цагийн өмнө сурталчилгааг хаасан байх ёстой. Цахим орчинд ч сонгуулийн сурталчилгааг зогсооно. Сурталчилгааг хаагаагүй бол технологийн хүчээр хаах зохицуулалттай" гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна