Казиночин Улстөрчид

Б.Ариунзаяа
2020/01/21

Улстөрчид казинотой сүлбэлддэг явдал манайд эртнээс эхлэлтэй. Хамгийн дуулиантай хэргийн “эзнээр” өнөөгийн төрийн гурван өндөрлөгийн хоёр нь холбогдож байв. Хэдийгээр тэднийг шүүхээс гэм буруугүй гэж үзсэн ч төдийгөөс өдий хүртэлх улстөрийн замналд тодотгол нь болж, УИХ-ын танхимд хүртэл би, чидээ тулах маргаан болж байсныг уншигч та санаж буй биз.

 

Тэр цагаас хойш казиночин улстөрчид цөөнгүй “төрсөн”. Улстөрчид нь битгий хэл төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл аманд багтахааргүй их хэмжээний мөнгөөр “наадаж”, ядуу гэгддэг монголын төрийнхний “чансааг” гаднынханд тогтоож байсан удаатай.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн нь хүртэл хилийн дээс алхаад л мөрийтэй тоглож байсан нь худлаа биш. Хилийн дээс алхсан л бол “намайг хэн тоож, нохойг хэн саах вэ” гэсэн үл тоосон хандлага гаргаж, эх орныхоо нэрийг сэвтүүлдэг энэ мэт “тоглоомчид” улстөрийн хүрээнд тоймгүй байна. Энэ удаад өнөөгийн УИХ дахь казиночид хэн хэн байв гэдгийг эргэн дурсъя.

 

“Казино” судлаачид

 

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар Австрали улсад айлчлал хийх үеэрээ казинод байгаа зураг цацагдаж, хоёр намынхныг сандаргаад авав. Хэрхэн казинодсон талаараа өчигдөржин мэдээлэл хийсэн тэдний мэдэгдлээс Казиногийн хууль юу юу батлагдах гэж байж. Харин азаар Австрали явсан Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нар чөлөөт цагаараа казино орж, байдалтай нь газар дээр нь танилцсанаар харин хойшлогдох янзандаа орж байна гэх.

 

Тэдний дундаас казиног хамгийн ихээр сонирхож, судалсан нь гишүүд нь УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар. Энэ талаараа Д.Тогтохсүрэн “УИХ-аар Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

 

Үүнийг бодолцоод ч бид энэ талаар ойлголттой болохоор орсон” гэсэн бол Д.Эрдэнэбат “Чөлөөт цагаа нэг сайхан чөлөөтэй өнгөрөөе гэсэн бодол хүн болгонд байдаг. Энэ утгаараа тэнд ороод гарсан нь үнэн. Өндөр хөгжсөн орнуудад казино бол аялал жуулчлалын нэг хэсэг гэж би ойлгож байгаа. Мөрийтэй тоглох гэсэн хүн болгон тийшээ ордог гэж бодохгүй байна. Бидний дунд мөнгөтэй ч гишүүн байгаагүй. Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байхав дээ. Сонирхоод л ороод гарсан” хэмээн өөрсдийгөө өмгөөлцгөөсөн юм.

 

 

Нам дарагдсан УИХ-ын гишүүн М, Х нартай холбоотой казино

 

 

Эл шуугиан дэгдэхээс өмнө буюу өнгөрсөн 11 дүгээр сард УИХ-ын гишүүдтэй холбоотой мөрийтэй тоглоом буюу казиногийн хэрэг мандсан. Тодруулбал “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх "Дөрвөн улирлын цэцэрлэг" хэмээх оффисын байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригджээ.

 

АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийсэн байна. Ингээд байгаа газрыг нь олж тогтоон баривчлах ажиллагааг хийжээ. Мөрдөн байцаагчид тус компанийн таван давхрын өрөөнд орох үед том ширээн дээр хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байсан гэнэ.

 

Мөн УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн баривчлан саатуулах гэж байсан хүнтэй хамт мөрийтэй тоглоод сууж байжээ. АТГ-ынхан дээрх асуудлыг баримтжуулан Эрүүгийн цагдаагийнханд өгөөд байна.

 

Цагдаа нар дээрх хэргийг шалгаж байгаа эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байсан хэргийг цагдаа нар нам дараад өнгөрөөх гэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байгаа юм” гэх мэдээллийг нэгэн сонин нийтэлснээр шуугиж эхэлсэн.


Улмаар уг хэрэгт УИХ-ын гишүүн болох М, Х нар хамаатай гэх мэдээлэл үргэлжлүүлэн цацагдсан. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын М болон Х үсгээр эхэлсэн нэртэй гишүүд ээлж дарааллан мэдэгдэл хийснээр уг хэрэг намжсан. Үнэхээр ч анхлан мэдээлсэн шиг хэргийг цагдаа нар нам дараад өнгөрөөсөн юм.

 


Бичлэгт үлдсэн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нарын казино

 


“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Төмөрбаатар, Ч.Мөнхбаяр, Хундаганай нар 2018 оны хоёрдугаар сарын 18-нд хэвлэлийн хурал хийлгэж байв.


Тэд “2017 оны арваннэгдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол нар долоон эмэгтэй гишүүний хамт БНСУ-ын Пусаны “Paradise” казинод гурван хоног байрлан тоглосон” тухай мэдээлж байсан юм.


“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Мөнхбаяр “Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг нарын Засгийн газарт орж ажилласан сайд асан Д.Оюунхоролыг Авлигатай тэмцэх газарт шалгуулна” гэж тухайн үед мэдэгдэж байсан юм.


Энэ талаар Ч.Мөнхбаяр “Солонгос улсын Бусан хотод өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-7-ны хооронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар “Paradise” казинод тоглосон гэх мэдээлэл цацагдсан. Тэд ард түмний мөнгөөр тансагласан гэх хардлага төрж байгаа. Үүнийг АТГ шалгах ёстой” гэж ярилцлага өгч байв.



С.Жавхлангийн Солонгос казино

 

 

Өнгөрсөн жилийн өдийд “УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлан казинод тоглож байна” гэх тайлбартай зураг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байв. Шударга ёс, ёс суртахуун ярьдаг, авлига хээл хахууль, мөрийтэй тоглоомын харшилтай гэгдэх С.Жавхлан ийн казинодож яваад папараццид өртсөн гэдэг. Эрхэм гишүүн С.Жавхлангийн казино тоглон цааш харан суугаа зургийг зарим мэдээллийн хэрэгслүүд нийтлэхдээ "У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэхэд гол нөлөө үзүүлсэн гишүүн маань шагналынхаа мөнгөөр туйлж явна уу" хэмээн онцолж байсан удаатай. Ямартай ч иргэдийн итгэлт хүү, шударга дүрт, Баянзүрхчүүдийн сонголт болсон, Монгол Улсын Гавьяат Жүжигчин, УИХ-ын эрхэм гишүүн С.Жавхлан сэмхэн казиногоор шагайдаг байх магадлалтайг энэ зураг сануулаад авсан.

 

 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн казино ил болов

 

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын казиногийн хэргийн дуулианаар бас нэгэн УИХ-ын гишүүний хэрэг ил болов. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн казино тоглож буй зураг сошиалд дэлгэгджээ. Тэрбээр Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн. Уг гишүүнийхээ хувиар өнгөрсөн тавдугар сард казиног дэмжиж байгаа талаараа хэвлэлд ярилцлага өгсөн байдаг.

 

Түүний ярилцлагаас иш татвал, "Казиногийн хуулийг өргөн барихыг миний хувьд дэмждэг. Учир нь аялал жуулчлалыг дэмжих, эдийн засгийн хөгжилд тодорхой хэмжээгээр орлого нэмэгдүүлэхэд маш хэрэгтэй зүйл гэж хардаг.

 

Европчууд казино тоглох соёлд суралцчихсан байдаг. Стресс тайлах зорилгоор хэсэг тоглож байгаад л гарчихдаг. Харин монголчууд маань бүх хөрөнгөө дэнчин тавьж амьдралаа сүйтгэх хэмжээнд хүрэх вий гэх болгоомжлол, эрсдэл бий.

 

Казиног дагаад биеэ үнэлэлт нэмэгдэнэ гэх айдас байдаг. Гэхдээ энэ буруу хандлагуудыг цахим ертөнцийн тусламжтайгаар ард түмний хараа хяналтан дор байлгах боломжтой. Тиймээс айх аюулгүй байж болно.

 

Миний хувьд монголчуудыг казинод тоглуулахгүй байх зарчим баримталж байна. Казиногийн хор хөнөөл, сөрөг үр дагавар бодитоор нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа учраас монголчуудыг тоглохыг хориглосон концепци байх ёстой.

 

Монголчуудыг тоглуулахыг зөвшөөрсөн тохиолдолд би энэ хуулийг төслийн ажлын хэсэгт байхаас татгалзана, өргөн барилаа ч эсрэг кноп дарна" гэсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна