Д.Гантулгын хүчингийн хэргийн нотлох баримтыг устгахыг оролдсон шүүхийн шинжээчид ял авлаа

Админ
2020/01/21

УИХ-ын гишүүн Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэг үйлдсэн хэргээр буруутгагдаж, шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон. Түүний хүчингийн хэргийн ул мөрийг баллах гэж оролдсон гурван шинжээчийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд энэ сарын17 эхэлж, өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр хүртэл хуралдаж шийдвэрээ гаргажээ.


Шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нар ийнхүү гэм буруутай хэмээн үзэж тус тус ял оноолоо.


Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 /Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн бол /-дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оноожээ. 


Харин шүүгдэгч Ж.Оюунааг мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 /Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон арбитр, шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол гэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс оногдуулсан байна.


Мөн шүүгдэгч Н.Золжаргалыг дээрх хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 /Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол /дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12.240.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн байна. 


ШШҮХ-ийн шинжээч М.Золжаргал, Х.Түвшин-Эрдэнэ, Ж.Оюунаа нар нь “Ялтан Д.Гантулгын хүчин хийсэн эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хууль бусаар өөрчилж, хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирогч Х.Наранзаяагийн биед үзлэг хийж авсан үтрээний арчдас, ор хөнжлийн даавуу, дотоожийг угаасан” гэдгийг ШШҮХ-ийн шинжээч О.Даваасүрэн олон нийтэд анх дэлгэсэн байдаг.  Уг мэдээллийн дагуу АТГ-аас хэрэг үүсгэн дээрх хүмүүсийг шалгаж эхэлсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газраас дээрх шүүгдэгчдэд Эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн юм. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна