Э.Бат-Үүлийг 2 сая төгрөгөөр торгосон шүүхийн шийдвэрийг ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Админ
2020/01/21

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл Ерөнхийлөгч Х.Баттулга болон ЕТГ-ын дарга З.Энхболд нарыг гүтгэсэн хэргээр 2 сая төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарсан. 


Тус шийдвэрийг Э.Бат-Үүл эсэргүүцэж, нийслэлийн давж Заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. 


Мэдээллийг дэлгэрүүлбэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Э.Бат-Үүлд холбогдох Зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцжээ.

 

Зөрчилд холбогдогч Э.Бат-Үүл нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Эрдэнийн Бат-Үүл нэртэй твиттер хуудсанд сэтгэгдэл бичиж, З.Энхболдын нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан буюу Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гүтгэх” зөрчилд холбогджээ.

 

Э.Бат-Үүлд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0032707 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Эрдэнийн Бат-Үүлийг 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0032707 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

 

Дээрх хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэвэр нь хуульзүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна