Домогт сагсанбөмбөгч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа

Админ
2020/01/27

Олимпын хошой аварга, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны таван удаагийн аварга Коби Брайант нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдлаа гэж  "TMZ" цахим хуудас мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сагсанбөмбөгчний хувийн нисдэг тэрэг Лос-Анжелес хотоос холгүй осолджээ. Энэ мэдээллийг АНУ-ын Калифорни муж улсын Калабасас хотын эрх баригчид нотолсон байна.

 

"NBC News" телевизээр мэдээлснээр, түүний охидын нэг болох 13 настай Жанна Мария тамирчинтай хамт нисдэг тэргэнд байсан байна. Нисдэг тэрэгний ослын улмаас Коби Брайантаас гадна өөр есөн хүн амиа алдсан гэж тойргийн цагдаагийн газрын дарга өмнө нь мэдээлжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд эмгэнэлт явдлын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

 

Коби Бин Брайант бол NBA буюу АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн сагсанбөмбөгчин юм. Тэрбээр "Лос-Анжелес Лейкерс" багт хүчин зүтгэж байсан бөгөөд зөвхөн тус багт 20 улирал дараалан тогложээ. Бүх оддын тоглолтод 18 удаа оролцож, улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогч болж байв. Мөн плей-оффын шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хоёр удаа дараалан хүртсэн байна. Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Леброн Жеймс түүний амжилтыг эвдэх хүртэл Брайант 33643 оноотойгоор NBA-гийн түүхэн дэх хамгийн амжилттай сагсанбөмбөгчдийн жагсаалтад гуравдугаарт бичигдэж байлаа.

 

Тэрбээр АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008, 2012 оны Олимпын наадамд түрүүлж, 2007 онд Америкийн аваргын цомыг хүртжээ.

                                                        

Коби Брайант "Оскар"-ын шагнал хүртсэн анхны сагсанбөмбөгч болсон билээ. Тэрбээр зодог тайлахдаа бичиж байсан “Хүндэт сагсан бөмбөг танаа” /Dear Basketball/ шүлгээрээ найруулагч Глэн Кийнтэй хамтран анимейшн бүтээсэн бөгөөд 2018 онд энэхүү бүтээлээрээ шилдэг богино хэмжээний анимэйшн киноны төрөлд Академийн шагналыг хүртсэн юм.

 

Коби Брайант  41 настай байжээ.

 

https://montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна