Э.Төмөрбаатар: С.Эрдэнийн хулгай үнэнд гүйцэгдсэнээр Ц.Уртнасан нарыг хорилоо

Админ
2020/02/13


Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч Э.Төмөрбаатартай ярилцлаа.


-Танай хөдөлгөөний үйл ажиллагаа их идэвхтэй байсан намжжих шиг боллоо. Намынхаа дарга С.Эрдэнэтэй сүрхий тэмцээд байх шиг байсан?


-АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус бид АН-ын дарга С.Эрдэнээд намаа бодож, ардчилалаа бодож, Монгол улсаа бодоод олон удаагийн шаардлага тавьсан. Шаардлага тавиад зогсохгүй хөдөө орон нутгийн намын гишүүдийнхээ урилгаар олон аймагт очиж уулзалт хэлэлцүүлэг хийсэн.Манай хөдөлгөөний гол зорилго С.Эрдэнэ гэдэг хүнийг огцруулахаас илүүтэй АН-ыг цэвэрлэх, шинэчлэх, өөрчлөх. Ингэснээр Монголын төр өөрөө цэвэршинэ. Энэхүү зорилгод С.Эрдэнэ гэдэг хүн саад болоод байгаа учраас түүнтэй тэмцэж байгаа юм шиг харагдаад байгаа хэрэг.

 


- Саяхан АН-ын аппаратад ажиллаж байсан хүмүүс буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан, АН-ын санхүүгийн албаны Т.Чулуунчимэг нарыг АТГ-аас саатуулж, цагдан хорьсон. Үүнтэй холбоотойгоор АН-ын удирдлагууд МАН-ын захиалгатай улс төр хэмээн мэдэгдлээ?


-Ийм асуудал болохыг манай хөдөлгөөнийхөн болон МоАХ-ынхан эртнээс ярьж хэлээд л байсан шүү дээ. С.Эрдэнэ гэдэг хүнтэй холбоотой гэдгийг ойлгож, хардаж байсан юм. Хардаж байсан болохоор 2019 онд Шинэчлэлийн хөдөлгөөнөөс С.Эрдэнийг огцруулахаар гаргасан 15 үндэслэлийн нэг нь Капитал банкны луйвар, Нийгмийн даатгалын санг цөлөмсөн асуудалбайсан. Тус сантай холбоотой хүмүүсийг С.Эрдэнэ АН-д авчраад албан тушаалд томилсон. Тэгэхэд МоАХ-ны дэргэдэх Залуучуудын зөвлөл гэж байгууллага бий. Бидэнтэй адилхан залуус. Уг байгууллагаас С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-т хандсан байдаг. Тэгэхээр бидний эхлүүлсэн С.Эрдэнэтэй холбоотой булхай луйвар явсаар байгаад эцэстээ намын нарийн бичиг, Санхүүгийн албаны хүмүүсийг цагдан хорих хүртэл хэмжээнд очлоо. Бидний шударга байдал шаардсан тэмцэл үр дүнд хүрсний нэг илрэл нь энэ.

 


-Танай хөдөлгөөнөөс АН-ын дарга С.Эрдэнийг огцруулах 15 үндэслэл гаргасны дараа МоАХ-ны дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс АТГ-т шалгуулахаар хандсан гэлээ. Та нарын зүгээс өгч болоогүй юм уу?


-Капитал банкны асуудал сөхөгдөхөд С.Эрдэнэтэй холбоотой гэдгийг мэдэгдсэн. Мэдээж тоо баримтад үндэслэсэн. 2012 онд С.Эрдэнэ дарга Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болсон. Тухайн үед Капитал банкинд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 31 тэрбум байсан. С.Эрдэнэ даргыг сайдын албан тушаалаа өгөхөд 224 тэрбум болсон. 190 гаруй тэрбум төгрөгийг энэ хүн тухайн үед албан тушаалаа урвуулан ашиглаж, Ц.Уртнасан, Т.Чулуунчимэг нартай хуйвалдаж Капитал банкинд байршуулсан байж магадгүй гэсэн хардлага байсан юм. Түүний дараа МоАХ-ны дэргэхэд Залуучуудын байгууллагаас шалгуулахаар хандсан.

 


-АТГ-аас ямар хариу өгсөн байдаг юм бол?


-Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтарсан ажлын хэсэг байгуулаад шалгаж байгаа гэсэн хариу өгсөн юм билээ. Одоо бол үнэнд гүйцэгдэнэ гэдэг нь болж байна. Хууль хяналтын байгууллага одоо шударга ажиллавал бүх булхай луйвар нь илэрнэ.

 


-Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолоор арилжааны банкинд байршуулах шийдвэрийг гаргадаг байсныг С.Эрдэнэ сайд болсныхоо дараа өөрчилж, зөвхөн өөрөө гарын үсэг зурж, зөвшөөрөл өгдөг болсон гэж яриад байгаа нь үнэн юм уу?


-Хуучин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг дэд сайд нь удирддаг байсан юм билээ. Харин С.Эрдэнэ сайд тэрхүү журмыг өөрчлөөд сайд нь өөрөө удирддаг болсон.  Өөрөө удирддаг болоод зогсохгүй аливаа шийдвэрийг Үндэсний зөвлөлд танилцуулна гэдэг байсныг Үндэсний зөвлөлийн даргад танилцуулна гэж хүртэл өөрчилсөн. Тэгээд Үндэсний зөвлөлдөө өөрийн ойр тойрны хүмүүсээ оруулсан. Ойр тойрны гэдэг нь Баянгол дүүргийнхээ нам, бусад хамсаатнуудаа оруулсан. Түүнийгээ ашигласан нь өнөөдрийн байдалд хүргэсэн. С.Эрдэнийн үүрэг даалгавраар явсан Ц.Уртнасан, Т.Чулуунчимэг нар гэмт хэрэгт холбогдож, цагдан хоригдлоо.

 


-АН-ын удирдлагуудын зүгээс Ц.Уртнасан нар нь ажиллах хугацаандаа Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг харин чөсгөсөн гэж ярьсан? 


-Угаасаа өсөх ёстой байхгүй юу. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг байршуулахад банкны хүү гэж байдаг. Тухайн үед эдийн засаг өсч, Монголбанкны бодлогын хүү зэргээс хамаарч Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө өсөх цикл нь таарсан. Өрсөлдөөнтэй зах зээлийн банкууд адилхан хүү амална. Тэгэхэд очиж, очиж Капитал банкийг яагаад сонгосон юм. Үндэсний хэмжээний томоохон банкууд байхад яагаад заавал Капиталыг сонгосон юм бэ. Ингэж хардаж байгаагаа илэрхийлснээс удаагүй байхад Капитал банк дампуурсан. Хэрэг нь ч ил болоод шалгагдаад эхэллээ. Ц.Уртнасан гэдэг хүн 2013, 2014, 2015 онуудад НДЕГ-ын даргаар ажилласан. 2016 онд Мэндбаяр гэж хүн дарга болсон. Тэр хүн одоо АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга хийж байна. Т.Чулуунчимэг нь НДЕГ-т Санхүүгийн албаны дарга хийж байгаад АН-ын санхүүч болсон. Ц.Уртнасан, Т.Чулуунчимэг нар С.Эрдэнэтэй ямар хамааралтай юм гэхээр сайд байхад нь удирдлагад нь байсан. Намын дарга болонгуут нэг нь нарийн бичгийн дарга, нөгөөх нь Санхүүгийн хүн болж байх жишээний. Ямар ч байсан хуулийн байгууллагаас шалгаад үнэн мөнийг нь тогтоох байх. Гэтэл манай намын хэсэг нөхөд баривчилгаатай холбогдуулж яаран сандран мэдэгдэл хийх нь буруу шүү дээ. Бид хууль цаазтай улс орон. Хуулийн дагуу шалгаад явж байгаа асуудлаар С.Эрдэнийн гар хөл болсон хүмүүс нэгийгээ хамгаалж болохгүй. Нам бол сайн дурын үндсэнд нэгдсэн институт. Түүнээс биш гэмт хэрэгтнийг хамгаалж, хаацайлдаг газар биш. АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн үүндээр эсрэг байр суурьтай байгаа. АН-ын мянга, мянган шударга гишүүдийг төлөөлж хэдэн дарга нэртэй нөхдүүд төрийн мөнгийг хэдэн 100 тэрбумаар нь алга болоход хувь нэмрээ оруулсан нөхдийг хамгаалах нь буруу. Хуулийг шүүдэг байгууллага нь нам биш.С.Баярцогт гэдэг хүнийг гэмт хэрэгт холбогдлоо гээд л шууд хөөчихсөн биз дээ. Тэгсэн өөрийнх нь хүмүүс холбогдоод ирэхээр яагаад хөөхгүй бүүр олноороо гарч ирээд өмөөрөөд байгаа юм. Бид чинь адилхан АН-ын гишүүд. Ямар ч байсан С.Эрдэнийг огцруулах 15 үндэслэл эхнээсээ нотлогдоод явж байна. Ер нь С.Эрдэнэ дарга маань хаа явсан газраа мөнгөний сонирхол дагуулж явдаг хүн юм байна. Сайд болохдоо хэдэн 100 тэрбумаар будлиулсан бол одоо АН-ын гишүүдээс 100 төгрөгийн босго тогтоож мөнгөний нам болголоо. 

 


- Та бүхнийг дан ганц С.Эрдэнэ гэдэг хувь хүнтэй тэмцэж байна гэж хэлэх хүмүүс ч байна?


-Өнөөдрийн Ардчилсан намд төдийгүй үүсээд байгаа асуудлуудын гол дүр нь С.Эрдэнэ болчихоод байна. Гэтэл болохгүй бүтэхгүй бүх зүйлтэй хутгалдаад байгаа энэ хүн АН-ыг удирдаж байна. Тэр хэрээрээ намын нэр хүнд унаад байна. Ингэхээр залуус бид дуугарахгүй яах билээ, тэмцэхгүй яах билээ. 

 


-С.Эрдэнэ гэдэг хүн байхгүй болчихвол АН цэвэрхэн сайхан болчих уу? 


-МАН-ыг бодвол АН цэвэрших боломжтой. МАН-ыг 100 настай хүн гэж бодъё. АН бол 30 настай. Шинэчлэгдэх, боловсрох процесс нь өөр. АН-д олон мянган шударга гишүүн, сайн залуус бий. МАН-аас илүү капиталтай нам. Боловсролтой, мэдлэгтэй, соёлтой, зарчимтай гишүүн олон. Гэтэл С.Эрдэнэ гэдэг хүн дээр суучихаад будлиан хутгаж байна. Дотоод сонгуулийг гэхэд будлиантуулаад Баянголын хүмүүсээ намаар дүүргэсэн. Нэг ёсондоо АН-ыг клончилсон. Дээрээс нь, доороос клончихлоо. Доороос нь гэдэг нь нийгмийн халамж авдаг хэсгийг намын гишүүнээр автоматаар бүртгүүлээд тэдний санал, дэмжлэгтэйгээр албан тушаалд хүрэхийг хэлж байгаа юм. С.Эрдэнэ бол тэгсэн. Сая намын гишүүдийн татвараас тэднийгээ чөлөөллөө. Эмзэг давхрагын болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг намын татвараас чөлөөлнө гэсэн шийдвэр гаргасан байна лээ. Намыг клончлоход бүтэц нь болсон гишүүд буюу амьгүй албатуудаа үлдээж байгаа нэг хэлбэр нь.Дээрээс нь гэдэг МАНАН бүлэглэл. АН-ыг мөн дээрээс нь клончилсон. Ц.Элбэгдорж, М.Энхболд нартай нийлээд их мөнгөөр өөрийн хүмүүсийг удирдлагад тавих, бодлого зангидах, хүссэн хүнээ УИХ-д дэвшүүлэх, түүгээрээ дамжуулж төрийг авах юмыг хийсэн.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна