“ТОВЧ.МН” Мэдэгдэл гаргах нь

Админ
2020/02/21

Товч.мн сайтын  сурвалжлах баг Говь-алтай аймагт ажиллаад өнөөдөр үдээс хойш ирлээ. Энэ өдрүүдэд манай байгууллагын нэр хүндэд халдсан, сэтгүүлч Д.Майцэцэг  Т.Оюумаа нарыг гүтгэн харлуулсан мэдээ, мэдээллийг Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудсаараа болон сайтаараа дамжуулан хэд хэдэн удаа цацлаа. Хол замд явж байсан учир хүний үхэл хагацалтай давхцуулан хэл ам уралдуулахыг хүссэнгүй. Тийм ёс зүй ч бидэнд байхгүй! 


Бид эрх үүргийнхээ дагуу уг хэргийн үнэн учрыг тэнцвэртэй мэдээлэхийн зэрэгцээ “Тусгай сурвалжилга”-аа хийхээр  Говь-Алтайг зорьсон юм.  2 дугаар сарын 20-ны өглөө очсон даруйдаа аймгийн ЗДТГ-аас сурвалжилгаа эхлүүлсэн. Ингэхдээ Зариг.мн сайтын сурвалжлах багтай хамт Засаг дарга В.Рэнцэндоржоос ярилцлага авсан. Гэтэл энэ үеэс л “Зариг.мн”-сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудсаараа Товч.мн захиалгаар ирсэн, тэд хүний үхлийг далимдуулж мөнгө авсан хэмээн гүтгэж эхэлсэн.


Биднийг ямар мэдээ, мэдээлэл, сурвалжилга гаргахыг мэдээгүй хэрнээ, шууд л өөрийнхөө хардлагыг тулгасан.  Ингэхдээ уг сэдэв нь “Зариг.мн” сайтын  гаргасан сэдэв, өөрсдийнхөө хийсэн ажлыг бид өмчилнө гэх мэт увайгүй хандлага гаргасан. Хүний амь нас хохирчихоод байхад "Энэ бол манай сайтын сэдэв" хэмээн өмчилсөн. Нийгмийг эмзэглүүлсэн ийм үйл явдал дээр харин ч илүү олон хэвлэл очиж, тал талаас нь сурвалжилж, үнэнийг илчлэх ёстой. Дөрөв дэхь засаглалын амин сүнс болох "Мэдээллийн тэнцвэртэй байдал" ингэж хангагддаг. 


Түүгээр ч зогсохгүй “Зариг.мн”-сайтынхан /82-22 УНҮ дугаартай Ланд-200 машинтай/  “Товч.мн”-сайтын сэтгүүлчид төрийн унаагаар хотоос ирж, сэлгүүцэж зугаацлаа" хэмээн биднийг мөн л баримтгүй гүтгэсэн.  Иймд үүгээр Ардын намын захиалгаар очиж, үүнийхээ төлөө мөнгө авсан гэх баримтаа дэлгэхийг шаардаж байна! 


Манай сурвалжлах багийнхны талаар худал цуурхал, гүтгэлэг тарахтай зэрэгцээд 13-33 УБА дугаартай хар өнгийн Ланд-200 маркийн автомашин бидний үйл хөдлөл бүрийг мөрдөж, дагаж байсныг олж мэдсэн. Гэтэл уг машин нь Говь-Алтай аймгийн Засаг дарга асан С.Гансэлэмтэй холбоотойг бид олж тогтоолоо. Үүнийг харин ямар учиртай байсан бэ? гэдгийг бид тодруулах болно! Учир нь ганц “Зариг.мн” биш цаана нь хөөрхий эмэгтэйн үхлийг улс төрийн зорилготойгоор өөрсдийн өш хонзондоо ашиглахаар санаархаж байгаа албан тушаалтнууд байна гэж хардаж байна. 


Хэдийгээр Товч.мн захиалгаар очсон гэж гүтгүүлснээс болж эх сурвалжуудтайгаа уулзаж, ярилцлага авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн ч өөрсдийн мэдээллийнхээ хүрээнд тун удахгүй “Тусгай сурвалжилга”-аа бэлтгэн цацахаар төлөвлөж байна. Сурвалжилганаас Товч.мн үнэхээр аймгийн Засаг даргыг өмөөрөхөөр очсон уу гэдгийг үзэгчид маань тунгаан харах биз ээ. 


Хэн нь хэн бэ, ямар контент хийж бүтээж байна вэ, хэрхэн яаж ул суурьтай, хүлээцтэй хандаж байна вэ? гэдгийг цаг хугацаа харуулна. Бид дахиж сошиалд хэл ам хийхгүй. Харин ажлаа тэнцвэртэй, шударгаар хийнэ гэдгээ мэдэгдэж байна! 

 

ТОВЧ МН САЙТЫН РЕДАКЦИ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.191
    2021/02/13

    Шал инээдтэй юм аа. Зариг ингэж шившигээ дэлгэх гэж. Та нар Ард түмэндээ тэнцвэртэй мэдээлэл дэлгэх ёстой шүү. Заахиалгаар мэдээлэл гарагдаг гэдгий нь мэднэ. ИЧЭЖ амьдраарай

    Хариулах