О.ХӨГЖИХЗАЛУУ: ХОЁР ДАХЬ ГЭР МИНЬ БОЛСОН ТӨВ ТАЛБАЙДАА ХАЙРТАЙ

Админ
2020/03/02

- Төв талбайд 15 жил зайдастай ороомог зарсан О.Хөгжихзалуу-

 

Халуун зайдсаа аваарай. Халуун зайдсаа аваарай! гэх дуу төв талбайгаар цуурайтна. Буурал богино халимгаа цэмцийтэл хойш налуулж самнасан нүдэнд дулаахан дугуй бор царайтай настай эмэгтэй. Нимгэн шаргал цэмбэн дээл өмсөж мөнгөн тоногтой суран бүс бүсэлж цав цагаан ултай саарал буузан спорт загварын гутал өмсөн гурван дугуйт жийн төв талбайгаар салхи татуулан явах нь содон харагдана.

 

-О.Хөгжихзалуу.-Түүний нэр Монголд цор ганц
-70 хүрч байгаа ч дугуйг залуусаас дутахгүй унана
-ОХУ-д охиноо сургасан.
-Гэрийнх нь хивс орон сууцны зарим айлуудынхаас ч цэвэрхэн шинэхэн мэт
-Хашаа хороонд нь ширхэг ч хог, лууль үгүй

 

-Уншигчдадаа юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу.

 

– Би Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат. Өвөрхангай аймгийн Баянтээлийн уурхайд өссөн. Баянтээлийн эхэд бараг 13 настайгаасаа ажил хийж эхэлсэн дээ. Сүүлд аймагтаа ирж, Холбооны газраас тэтгэвэртээ гарсан. Намайг Хөгжихзалуу гэдэг.

 

-Ямар содон нэр вэ? Монголд  ганц уу? 

 

-Ёстой ганц л байх даа.

 

“Хүн хөлнөөсөө мод үндэснээсээ хөгширдөг” гэсэн үг байдаг. Хөлөө л хөдөлгөөнтэй байлгах юм бол хөгшрөлт бага явагдаж эрүүл саруул байхын үндэс гэж ярьдаг шүү дээ. Дугуй унаад ажил хөдөлмөр эрхэлж байгаа таны хувьд өвдөгний нүдээр хатгана гэсэн ойлголт байхгүй биз?

 

-Байхгүй. Өвдөгний нүдээр хатгаж хөл өвдөнө гэсэн асуудал байхгүй.

 

-Төв талбайг энерги сайхантай газар гэж би боддог. Төв талбайдаа та  хайртай биз?

 

-Хайртай байлгүй яахав. Би нэг цаас, хог хэвтэж байсан ч аваад хогийн сав руу хийчихдэг. Хүн тамхи татаад сууж байвал “Хөөе хүүхээ, чи тамхиа хол очиж тат гээд хэлчихдэг юм. Хэлэхгүй өнгөрч чаддаггүй. Гэр шиг минь болчих юм даа.

 

Таныг харсан хүмүүс таны хажууд Ажил олдохгүй байна, Хөдөлгөөний дутагдалд орж байна гэж хэлэхээс ч ичмээр санагдаж байна. Хөдөлгөөн, Хөдөлмөр хоёрыг юу гэж боддог вэ?

 

-Энэ сайхан алаг биеийг аав ээж төрүүлж өгсөн. Өсгөж бойжуулж өглөө. Хүн энэ биеийг яаж авч явах уу, төр засагтаа юу хийх үү, амьдралаа хойшид яаж авч явах уу гэдгийг ХҮН ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛНЭ гэж бодож явдаг юм би.

 

Та хэдий үеэс талбай дээр зайдас зарж эхэлсэн юм бэ?

 

-Зайдас ороомог зараад эгч нь 10 гаруй жил болж байна. Яг зарж эхэлсэн жилийн өвөл нь нэг сайхан хүүгээ алдчихсан. Тухайн үед хүү маань бие нь өвдчихсөн. Сэтгэл санаагаар унагачихгүйн тулд таван ханатай сайхан цоохор гэр барьж өглөө. Хүүгээ дэмжих гээд л тэр шүү дээ. Гэвч гэр барина гэдэг амар ажил биш юм билээ. Мөнгө төгрөг их шаардана. Ядаж байхад тэтгэврийнхээ зээлийг авчихсан байсныг ч хэлэх үү.

 

 

Ах дүү нараасаа гуйх уу, яах уу ийх үү дээрээ тулсан. Миний ах дүү нар надад өгнө л дөө. Гэхдээ би нэг гуйна, хоёр гуйна,  цаашид гуйж чадах уу. Тиймээс би өөрөө л хөдөлмөрлөх ёстой юм байна гэж бодсон. Гэхдээ мөнгө төгрөг багатай байсан болохоор махтай хоол хийж чадаагүй. Арай хямд нь зайдас л байлаа. Эхлээд хэдийг хийгээд ирсэн чинь хүмүүс тэр дор нь авчихсан. Урамшсан хүн маргаашнаас нь хийж явсаар өдийг хүрлээ дээ. Одоо ч энүүгээрээ л амьдарч явна.

 

Талбайдаа ирэхээр миний дотор хуримтлагдсан уйтгар гуниг арилж, сэтгэл санаа сайхан болчихдог. Юмаа зараад олз омог олсоноос ч илүү шүү. Би боддог байхгүй юу. Энэ талбай ганцхан минийхийг биш, ирсэн хүн болгоны сэтгэл санааг тэгшилж, гоё энергиэр дүүргэдэг байх.

 

Гэхдээ би бас хааяа өөрийгөө буруутгадаг. Зарах ёсгүй газар нь юм зараад гэжХүний амьдралд юм юм л тохиолдох юм даа.

 

-Таны дугуй, дээл хувцас гээд бүх зүйл тань их содон юмаа.

 

-Монгол дээлэн дээр Монгол гутал өмсдөг.  Тэгсэн одоо би пүүз өмд дээр Монгол дээл өмсчихсөн явж байна. Дээр үед ингээд хувцаслачихсан  хүнийг “Орос, Монгол дружба” гэж байсан юм гэнэ лээ. /инээв/ Тээрэн шиг юм болж байна л даа.

 

Интернэтэд таны зайдсаа зараад явж байсан зургийн доор хүмүүс санал сэтгэгдлээ нэлээд бичсэн байсан л даа. Ялангуяа төмөр тоноглолын дээр байгаа хайрцагны талаар яриа өрнүүлсэн байна билээ. Яг энэ хайрцгийг та өөрөө хийсэн юм уу. Худалдааны бэлэн хайрцаг юм уу?

 

-Үгүй ээ, би өөрөө хийсэн юм. Оёдол хийдэг хүн бол хараад мэддэг.  Энэ хөл машинынх биш, гар машины оёдол.  Өнгө нь их даруухан. Угааж арчихад амар.  Хамгийн гол нь тэгж л бодож хийсэн юм. Харин дугуйг маань хүү маань тоноглож янзалж өгсөн. Ойр зуур юмнуудыг нь засаад энэ тавиурыг  хийсэн.

 

 

-Зөгий яваад байх юм таны зайдасны хажуугаар… /сурв.инээв/

 

-Амттай байх гээд идэх гээд байхгүй юу.

 

– Таны зайдас үнэхээр амттай юм байна. Хүүхэд, хөгшид ер нь их дуртай идэхээр юм байна шүү.

 

Үгүй ээ яах вэ хүүхэд шуухдууд дуртай байдаг юм аа.

 

– Зайдсаа хэд гэх үү.

 

-Хоёр мянга

 

Төв талбай дээрх бидний яриа өндөрлөж Хөгжихзалуу эгчийн гэрт очих хүсэлтээ тавьсан юм. Хөгжихзалуу эгчийнх Зурагтын эцэст байдаг. Цэлийсэн цэвэрхэн хашаа бүртийх ч тоосгүй хивсийг харж халуун шар тостой, арвайн гурилтай цай уунгаа ярилцлагаа цааш үргэлжлүүлсэн юм.

 

Бага охин Х.Нарандулам: Би ОХУ-ын Санкт-Петербург хотын Соёл урлагийн сургуулийг төгссөн. Мэдээж ар гэрийн зардал гээд л зөндөө их зардал гарна шүү дээ. Тэр болгоныг ээж маань маш сайн зохицуулж байсан. НАМАЙГ ХҮНИЙ НУТАГТ ЮУГААР Ч ДУТААГААГҮЙ.

 

Одоо би төгсөж ирээд хоёр жил болж байна. Монголын үндэсний номын санд гадаад судалгааны номын санчаар ажиллаж байна.

 

 

Ээжээрээ юм зарууллаа гэж элдвээр хэлүүлмээргүй байна гэсэн хүүхдүүд нь ээждээ хөл хорио хүртэл тогтоож үзжээ. Төв талбай руу тэгтлээ их тэмүүлдгийн учрыг хүүхдүүдээс асуусан юм.

 

Том охин Х.Мандахнар: Та одоо өндөр насалчихаад нар салхинд гандаад царай зүс нь харлаад ингээд явах шаардлага байна уу. Таны насны хүмүүс гэртээ сайхан налайгаад зурагт телевизороо үзээд сууж байвал яадаг юм, та битгий яваарай гэж хүртэл хэлж байжээ. Нэг удаа би хүүгээ салхилуулангаа талбай дээр очсон юм. Ээж зайдсаа түрээд дугуйтайгаа гараад ирсэн чинь “Өө эмээ ирж байна гээд хүмүүс бүчээд л авсан. Их олон худалдан авагчидтай юм байна. Талбайгаа тойроод явж байх нь ӨӨРТ НЬ ЖАРГАЛТАЙ байдаг юм шиг байгаа юм.

 

О.Хөгжихзалуу: Хүүхдүүд маань та битгий юман доогуур орчихоорой. Дураараа загнаад явах байх юм гэдэг. Тэгэхээр нь “Би гэртээ зүгээр суугаад байж чадахгүй. Зүгээр суухаар гар хөл өвдөнө ш дээ. Яадгийн би явж байна” гээд л зөрчихдөг.

 

Дунд охин Х.Нармандах: Ээжийг зайдсаа хийдэг байхад манай гэрийн жаахнууд “хоот доог” гэж хэлж чадахгүй “хомбоороо” гэдэг байсан. Эхлээд жижгүүд нь тэгж хэлдэг байсан бол одоо томчууд нь хүртэл “хомбоороо” гэдэг болсон. ХОМБООРООГОО ИДЭХ ИХ ДУРТАЙ.

 

Хэдий бидний амьдралд таагүй, хар бараан зүйл олон ч гагцхүү эерэг хандлагатай байж чадвал энэ амьдралд, их хотод “хайр” дүүрэн байгаагийн хамгийн тод жишээг бид Хөгжихзалуу эгчийн амьдралаас харлаа.

 

Хүсэл байвал боломж гарна. Үйлдэл хийвэл үр дүн гарахын тод жишээ болсон Хөгжихзалуу эгчийн халуун зайдасны түүх танд энэ өдрийэ цайны гол сэдэв болж гэрэл гэгээтэй бүхнийг бэлэглэсэн гэдэгт итгэлтэй байна.

 

Б.САРУУЛ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна