С.Баярцогтыг Оюутолгойгоос авлига авсан гэх хэрэг хэрэгсэхгүй болоогүй гэв

Админ
2020/03/24

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод буй, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтод холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл өчигдөр цахим мэдээллийн зарим хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тархав.

 

Өөрөө ч сонинд ярилцлага өгөхдөө “Энэ хугацаанд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн талаар УИХ, Засгийн газар, Үндэсний аудитын газар, УУХҮЯ, Сангийн яамны ажлын хэсгүүд олон сар, жил ажиллаж, тайлан дүгнэлтээ гаргасан. УИХ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн талаарх асуудлыг 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд 92 дугаар тогтоолоороо эцэслэн шийдвэрлэсэн. 2009 онд уг гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал олгож, Монгол Улсад ашиггүй, хохиролтой хийсэн, оролцсон хүмүүс нь авлига, хээл хахууль авсан гэх 10 жилийн хардлага сэрдлэгэд нэг мөр цэг тавилаа” хэмээн ярьсан байв.

 

Тэгвэл түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгоогүй, яллагдагчаар татсан тогтоолыг нь хүчингүйд тооцож, хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгасан хэвээрээ байгаа хэмээн хууль хяналтын байгууллагын хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Энэ талаар зарим хуульчаас тодруулахад “тэс өөр ойлголтыг өөртөө ашигтайгаар тайлбарласан байна лээ. Түүнээс биш хэргийг хэрэгсэхгүй болгоогүй” гэсэн юм.

 

Бэлтгэсэн: Г.Равжаа

Өнөөдөр сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна