О.Магнай: Иргэн бүрт нэг сая 242 мянга 721 төгрөгийг  яаралтай олгохыг шаардаж байна

Админ
2020/03/25

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай мэдээлэл хийлээ. Тус намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар О.Магнай “Коронавирусний улмаас дэлхий даяар цар тахал дэгдэж, эдийн засаг хямрах нөхцөл байдал үүсээд байна. Манай улс нэг сард тогтоосон хориогоо 5 сар хүртэл үргэлжүүлэх шийдвэр гаргаад байна. Гэвч хол хориог уртасгахын хэрээр эдийн засаг муудаж, ажилгүйдэл нэмэгдэж, үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодитой аюултай нүүр тулж байна. Цаашид ч ямар нэг арга хэмжээ авахгүй бол улс орны нөхцөл байдал бүхэлдээ дампуурах нөхцөл байдал үүслээ. Онцгой нөхцөл байдал үүссэн үед Засгийн газар онцгой байдлаар асуудалд хандах ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл бодлого хийгээд зорилт танилцуулсангүй. Иймд эдийн засгийн тэтгэх бодлогын хүрээнд Монгол улсын иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөгийг 4 сарын эхний 7 хоногт багтаан өгөхийг шаардаж байна. Бусад улс орнууд иргэддээ бэлэн мөнгө олгох шийдвэр гаргаад байна. Манай улс энэ бүгдээс хоцорч болохгүй. 2020 оны төсөвт хөрөнгө оруулалтын төслүүд их бий. Энэ төслүүдээ хойшлуулж иргэддээ бэлэн мөнгө тарааж эдийн засаг дахь мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэв. 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ ТАНАА

 

Иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөг олгохыг шаардах тухай Ковид-19 Вирусийн тархалтын улмаас цар тахал дэгдэн бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болох бодитой нөхцөл байдал үүсээд байна. Манай улсын хувьд энэ оны 1-р сараас эхэлсэн хөл хориог өнөөдрийн байдлаар 5-р сарыг хүртэл сунгалаа. Халдварт вирусээс үүдсэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодитой аюултай нүүр туллаа.

 

Цаашид арга хэмжээ авахгүй цаг алдвал улс орны эдийн засаг бүхэлдээ унах нөхцөл байдал ч бий болоод байна. Энэ мэт онцгой нөхцөл байдал үүссэн үед ЗГ нь мөн онцгой байдлаар асуудалд хандаж эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх бодлогоо цаг алдалгүй иргэдэд танилцуулж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн ч, харамсалтай нь өнөөдрийг хүртэл бодитой бөгөөд тодорхой бодлого зорилт танилцуулсангүй өдийг хүрлээ.

 

Иймд эдийн засгийг сэргээх тэтгэх бодлогын хүрээнд МУ-ын ҮХ-ийн Тавдугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” мөн арван зургадугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн бүрийн эд, мөнгөний тусламж авах баталгаатай эдлэх эрхийг хангах нь төрийн үүрэг байна гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөгийг 4-р сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгож эдийн засгийг тэтгэх алхмыг яаралтай хийхийг шаардаж байна.

 

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай 2020.03.25


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.51
    2021/01/26

    зээ магнай минь шүлсээ үсчүүлэх ээ боль чамд падлий байхгүй ,зандан та хоёр хонжоо бодохоос ,монгол гэсэн сэтгэл түй ч бхгүй ш дээ

    Хариулах