Л.Оюун-Эрдэнэ:  Авлигажсан шүүх хэргийг гацааж байна

Админ
2019/03/07

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.  Л.Оюун-Эрдэнэ  “Шударга бус зүйлийг шийдэх асуудал хаана очоод гацдаг болох нь одоо тодорхой болж байна. С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал шийдэгдэхгүй яагаад удсан бэ гэдэг нь одоо тодорхой харагдаж байгаа байх. Төрийн цагдаа ажлаа хийж байгаа юм байна. Гэвч авлигажсан шүүх дээр очоод гацаж байна.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал болоод Хөгжлийн банкны бондын хэрэг, Төрийн Банкнаас зээл авсан "Шинжиан Шинфа"-тай холбоотой хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, баримт материалыг бүрдүүлж эрүү үүсгэх гэхээр Нийслэлийн прокурорын байгууллага байнга хаалт тавьж, байнга өмгөөлж явсан. Уржигдар гэхэд л Төрийн Банкнаас зээл авсан "Шинжиан Шинфа"-ийн хэргийг нийслэлийн прокурор татаж авсан байна.. Ганцхан жишээ хэлье. Хөшгийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалт гацсан байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ асуудал гацсан шалтгааны нэг нь, Засгийн газар тусгай хэрэгцээнд авсан газар дээр Төв аймгийн сумын засаг дарга газар олголт хийгээд шүүх түүнийх нь талд шийдсэн байгаа юм. Үүнийг Засгийн газар Японы талд тайлбарлаж чадаагүй. Японы Засгийн газар үүнийг ойлгохгүй. Энэ мэт бүтээн байгуулалтын ажлууд авлигажсан шүүхийн байгууллага дээр очоод гацаж байна. Хууль шүүхийн байгууллага шударга ёсны эсрэг ажиллаж байна.

Бид энэ МАНАН-г таслан зогсоох ёстой. Сөрөг хүчин болох ёстой АН сөрөг хүчний ажлаа хийхгүй байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрдэнэт”-ийн асуудалтай холбогдсон. Намын дарга нь мөн нэр холбогдсон. Ийм учраас сөрөг хүчний ажлаа хийхгүй байна” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна