МӨНГӨӨР ХУДАЛДАГДСАН ИХ “ХАМГААЛАЛТ”

Админ
2019/03/19

Монголчууд бид их мартамхай, бас өрөвч. Авлига авсныг нь илчлээд, албан өрөөнөөс нь боодол боодлоор нь мөнгө хурааж баримтжуулаад, хэргийн эзнийг Ганцхудагт аваачаад хийчихээр “Паа пий, яасан аймаар юм бэ” гэнэ. Удалгүй өнөөх авлигачаа өрөвдчихсөн, “Наад муу жараахайгаараа яах гэсэн юм. Акулыг нь барих хэрэгтэй” гэнэ. Ханаж цаддаггүй нөхрийн идсэн уусныг нь илчлээд, эрлийз хурлийз байж магадгүй гээд судлангуут ээжийгээ зурагтаар уйлуулаад л өрөвдүүлчихнэ. Ийм өрөвч, ууч болохоор монголчууд нэг нэгэнтэйгээ өрийн сүлжээгээр үй зайгүй гагнагдчихсан. “Чамд өрөө төлөх гэхээр Батаа надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байна аа. Батаа бас Ганаагаас өрөө авч чадахгүй байгаа юм байна лээ” гээд боллоо. Өр төлөх шаардлагагүй. Гурван удаа өрөө нэхчихвэл “Хоосон хүний хоёр чихийг аваарай” гэж загнадаг. Ингээд л их өр бүрмөсөн тэглэгдэнэ.

 

Гадаадынхан биднийг гэнэн цайлган ард түмэн хэмээн тодорхойлоод байдаг нь ч аргагүй л юм. Үүргэвч үүрч, хээрээр тэнэсэн шар толгойтнууд сүүтэй цай, чанасан махаар дайлуулж, гэрт нь үнэгүй хоносондоо баярлаад хэлчихсэн үг биш байх. Монгол түмний энэ цайлган цагаан сэтгэлийг  ашиглаад, өрөвдүүлэх тактик боловсруулан, улстөр, эдийн засгийн том зохиол бичдэг, найруулдаг, дэглэдэг. Үүндээ гаршсан хүмүүс ч бий боллоо.

 

Сахал Эрдэнэбилэг Эзэн гэдэг нь илэрч, ХХБ-ийг тойрсон МАНАН бүлэглэл төрийн мөнгөөр төрийн өмчийг хувьдаа авчихсан нь ил болоход яалаа. Зууны луйвар цаашаа, Мянганы луйвар байна ш дээ гэцгээсэн. МАНАН энэ луйвартаа хойд хөршийг хүртэл татан оролцуулж, “Ростех” корпорацаар зогсохгүй Засгийн газрыг нь холион бантандаа хутгачихсан. Энэ корпорацын зөвлөл “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг зарахдаа хамгийн түрүүнд Монголын Засгийн газарт санал тавих учиртайгаа мэдэж байсан нь дамжиггүй. Тэгсэн атлаа “Монголын зэс корпорац”-д зарахыг зөвшөөрсөн гэж байгаа. Энэ зөвлөлд ОХУ-ын Засгийн газрын гишүүдийн тал нь багтдаг. Засгийн газраар нь бас зөвшөөрөл гаргуулчихсан.Оготны байтугай шоргоолжны нүхээр ороод гарч сурсан АНУ, Английн нэртэй том фирмүүдээс зөвлөгөө авчээ. Хий гаргахгүйн тулд маш их мөнгө зарцуулсан энэ наймаагаа хийхдээ Монголын төрөөс нуусан. УИХ-ын эрх мэдлийн асуудлыг Засгийн газраар шийдүүлсэн. Өөрсдөдөө ашигтай хуулиа наадам тааруулж баталсаар байгаад гаршчихсан МАНАН манай улсын хамгийн том хоёр компанийг стратегийн орд газар, үйлдвэртэй нь хулгайлахдаа тэрхүү сурсан аргаа хэрэглэж, сонгууль тааруулсан.

 

Одоо харин баригдчихаад МАНАН матрын нулимс унагаж явна. Нийгмийн сүлжээнд олон дагагчтай жиргээчид, олон лайктай пэйж, групп, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгөөр бороо оруулжээ. Мөнгөн бороонд шалба норсон тэд “Оросын өмч байсан Эрдэнэтийн 49 хувийг ХХБ эх оронч сэтгэл гарган, авчирлаа. Эрдэнэт одоо монголчуудынх болсон байтал яагаад хэн ч баярлахгүй байна вэ. Эх орон байгаадаа хохирч байна” хэмээн сэнхрүүлж гарлаа. Завсар зайгүй тархи угааж байна. Э, П-г өрөвдүүлэх энэ арга мэхэнд нийгэм даяараа автаж эхэллээ. Бизнесийн байгууллага эх оронч сэтгэл гаргаад, Оросын өмчид байсан үйлдвэрийн чинь талыг эх орондоо аваад ирж байхад хөшөө босгодоггүй юм гэхэд дуугүй байгаач хэмээн тэд загнаж, зандарч байна. Өнөөдөр Э, П-гийн өмчийг булааж байгаа төр, засаг маргааш чиний хөрөнгийг хураана шүү гэж сүрдүүлж, айлгаж байна.

 

Засгийн газар хэрвээ хууль журмын дагуу УИХ-аар хэлэлцүүлээд, “Та нар Эрдэнэт, Монголросцветметийг аваад ир. Монголын төрд мөнгө алга, бид татгалзлаа” гэсэн шийдвэр гаргуулчихсан бол болох байв. Тийм шийдвэр УИХ гаргахгүйг тэд мэдэж байсан учраас л МАНАН-д умбасан Сайханбилэгээр дамжуулан, Засгийн газрыг нууцаар хуралдуулж байгаад хүссэн үгээ хэлүүлсэн. Эзнийх нь зөвшөөрөлгүйгээр юмыг нь авсан бол хулгай гэдэг. МАНАН Эрдэнэтийг Монголын УИХ гэдэг эзнээс нь асуулгүй авчихсан байхад эх оронч гэх гэж үү. Тэгвэл хулгайн хэргээр ял эдэлж байгаа хүмүүс бүгдээрээ эх орончид болох нь. Шүүх тэр олон эх орончдыг хилсдүүлсэн байх нь. Зөв үү.

 

Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсныгаа Эрдэнэт бүхлээрээ Монголынх боллоо, Оросын өмч байсан 49 хувь монголынчуудын өмч боллоо хэмээн тархи угааж байна. Монголчууд гэж хэн бэ? Цалингаас цалингийн хооронд амь зууж яваа эгэл олон. Тэтгэврээс тэтгэврийн хооронд өдрийг өнгөрөөж байгаа хөгшчүүл. Цэцэрлэггүй, гэртээ цоожлуулж байгаа багачууд. Зээлийн хүүнд хамаг ашгаа өгөөд, толгойгоо шааж суугаа бизнес эрхлэгчид. Эд бол монголчууд. Эрдэнэтийн 49 хувийг ХХБ аваад, энэ хүмүүст өгч байгаа хэрэг үү. Хэзээ ч өгөхгүй. Юу ч хялайлгахгүй. МАНАН улам өтгөрч, Э-нүүд улам л Эзэн болно. Эзэн олширч, Эзэд болно. Ингэж харыг цагаан болгож харагдуулахыг уран бүтээлчид бол илбэ гэдэг. Харин улстөрчид тархи угаах гэдэг. Эгэл олныг улстөрчид хар масс гэдэг. Хар массын тархийг цайртал угааж байгаад, Манкурт боол болгох хүсэлтэй улстөрч Монголоор дүүрэн.

 

49 хувь төрийн мэдэлд очвол ашиг орлого нь хэдхэн гэр бүл, ганц хоёрхон эзний дансанд биш улсын төсөвт орно. Зузаан төсөвтэй улс орон гадаадаас зээл авахгүй болно, замаа сайхан болгоно, шинэ сургууль, цэцэрлэг барина. Мөнгөтэй орон хүчирхэг, ард түмэн нь чинээлэг, амгалан байдгийн жишээ  АНУ, Арабын Нэгдсэн Эмират, Япон гээд зөндөө л байна. Би ч гэсэн баян орны амгалан иргэн байж үзмээр л байх юм.

 

Х.Болор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна