С.Баярцогт: Оффшорын данстай холбоотой хэрэг хаагдах гэж байгаад баяртай байна

Админ
2019/03/19

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргыг Швейцарт айлчлах бүрэлдэхүүнд багтаж, тус улсад айлчлахдаа Швейцарын банкны данснаас иргэн С.Баярцогтын гүйлгээний хуулгыг авчирч ирснээ мэдээлсэн. Энэ талаараа “УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн. Би айлчлалын бүрэлдэхүүний гишүүний хувьд мөн УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн даргын хувьд олон нийтэд тодорхой мэдээллийг өгсөн. Гэвч миний өгсөн мэдээллийг үгүйсгэсэн, мушгин гуйвуулсан мэдээлэл гарч байна. 


УИХ-ын даргын хийсэн айлчлалын бүрэлдэхүүн өнгөрсөн баасан гарагт нутагтаа ирсэн. Швейцарын холбооны талаас Монголын талд С.Баярцогтын  "Credit Suisse AG" банк дахь ам.долларын гурав, еврогийн хоёр, нийт таван дансны 2008 оны есдүгээр сарын 30-2013 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг айлчлалын баг авч ирсэн. Энэ мэдээлэл холбогдох журмын дагуу ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байгаа. Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна.  “Оюутолгой”-н гэрээ 2009 оны аравдугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй.  


Швейцарын холбооны улсаас иргэн С.Баярцогтын бүх гүйлгээний мэдээллийг хүлээлгэн өгсөн. Энэ бол АТГ, прокурорын байгууллагуудтай хийсэн албан ёсны харилцааны үндсэн дээр Монголын талд хүлээлгэн өгсөн. Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бидний зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой” хэмээн мэдэгдсэн. 


Тэгвэл Сангийн сайд асан С.Баярцогт  энэ мэдэглийн хариуг барилаа. Тэрбээр “Т.Аюурсайхан гишүүн сүүлийн хоёр, гурван өдөр олон түмнийг төөрөгдүүлсэн мэдээлэл их хийлээ. Тиймээс би хоёр зүйлд санаа зовоод тайлбар хийх ёстой гэж бодлоо. АТГ 2017 оны 4 сард Швейцарын холбооны улсын прокурорын байгууллагад хандаж, дансны талаарх мэдээлэл өгөөч хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй юм билээ. Учир нь манай хоёр улсын хооронд харилцан туслах гэрээ байгуулагдаагүй учраас татгалзсан. Гэхдээ тус улсын хуулиар эрхзүйн харилцах туслах гэрээ байхгүй тохиолдолд хэрэг бүртгэл нээж, банкуудаасаа мэдээлэл авдаг. Тиймээс хэрэг нээж, миний дансыг хариуцаж байсан хоёр ажилтнаас тайлбар авах, хянах ажил бараг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Ингээд 2018 оны 12 сард Швейцарын холбооны улсын прокурорын газар манай өмгөөлөгчидтэй холбогдож, холбогдох бичиг баримтуудыг надад өгсөн. 2000 гаруй хуудас материалыг би өнгөрсөн нэг сард АТГ өгсөн. Миний өмгөөлөгчөөсөө авч АТГ-д өгсөн материал Швейцарын холбооны улсын прокурорын газраас Женев дэх Монголын Элчин сайдын яам, Элчин сайдын яамнаас Монголын Гадаад харилцааны яам, Гадаад харилцааны яамнаас АТГ ирж байгаа нь энэ юм. энэ материалыг Т.Аюурсайхан гишүүн өөрөө авчирсан мэтээр мэдээлж байна. Миний ойлгож байгаагаар Т.Аюурсайхан дипломат шуудан авчирсан юм уу даа. Өөрөөр хэлбэл миний нэг сар АТГ өгсөн материал, одоогийн ирж байгаа материал хоёр ижил. Тэрнээс биш Т.Аюурсайханы хэлээд байгаа шиг тэр материалыг АТГ-т өгөхөөс татгалзсан, өгөхгүй байх арга сүвэгчилсэн зүйл байхгүй. Би одоо нэг зүйлд их баяртай байна. АТГ-аас намайг хоёр хэргээр шалгаж байгаа. Нэг нь энэ оффшор данстай холбоотой асуудал. Т.Аюурсайхан гишүүний "буянаар" тун удахгүй энэ хэрэг хаагдах гэж байна. Нөгөөх нь Оюутолгойн гэрээ. АТГ-аас энэ хэрэгт таван бүлэг шинжээч томилсон юм билээ. Одоогоор тэдгээр шинжээчид дүгнэлтээ өгөөгүй байна. Дүгнэлт гарсаны дараа намайг дуудаж тайлбар авах байх” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна