Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газраас дууджээ

Админ
2019/03/20

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас Эрүүгийн цагдаагийн газраас гэрчийн мэдүүлэг авахаар зарлан дууджээ. Түүнийг энэ сарын 21 -нд буюу маргааш 11.00 цагт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлстийн уулзалт, мэдүүлгийн 103 дугаартай албан өрөөнд ирэхийг мэдэгдсэн байна.  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орох үеэрээ УИХ-ын дарга асан М.Энхболдын талаар нэлээд ярьсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд  өөрийг гүтгэсэн гэж үзэн хуулийн байгууллагад хандаж шалгуулахаа өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. 

 

 

Тодруулбал “Би УИХ-ын гишүүнийхээ хувиар мэдэгдэл гаргасан. Гүтгэлэгээ засч залруулахыг хүсье гэж Н.Энхбаяр даргад хандаж мэдэгдэл гаргасан ч өчигдөр дахин тийм зүйл ярьсан. Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан асуудалд намайг бас оролцсон мэтээр ярьсан. Тэр үед би сөрөг хүчний намын даргаар ажиллаж байсан. Эрх барьж байсан намын л хийсэн хэрэг шүү дээ. Харин ч Н.Энхбаяр даргын удирдаж байгаа нам хамтарсан засаг барьж байх үедээ оролцоотой байсан.

Энэ асуудлыг би өмнө нь хэд хэдэн удаа ярьсан.  2016 оны зургадугаар сарын 28-ны өдрийн сонгуулийн санал хураалтын өмнө "Хэрвээ бид сонгуульд олонх болбол Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг нягталж шалгаж үзнэ” гэж мэдэгдэж байсан. УИХ-ын дарга болсоныхоо дараа холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Байнгын хороон дээр ярьж, УИХ-ын тогтоол гаргаж, байгуулсан ажлын хэсгийн оруулж ирсэн саналыг дэмжиж гаргасан. УИХ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг хүртэл гаргаж ажиллуулсан шүү дээ.

Хууль хяналтын байгууллага энийг шалгаж байгаа. Үнэн зөв нь тогтогдох байх. Хамгийн гол нь хууль хяналтын байгууллага шалгах зүйлээ шалгах ёстой. Миний хувьд нэр төрөө сэргээлгэхээр холбогдох байгууллагад нь хандах бодолтой байна” гэсэн. Тиймээс түүний гомдолтой холбоотойгоор Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас  тайлбар авахаар ийнхүү дуудаж байгаа бололтой.  

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна