Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарлаа

Админ
2019/03/21

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарлаа. Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 60 хувиар шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа.

Жилийн инфляци 2019 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.9 хувьтай байна. Инфляцийн хэлбэлзэл нь шатахуун, мах болон хатуу түлшний үнийн өөрчлөлтөөр голлон тодорхойлогдож байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна.

Энэ онд эдийн засгийн идэвхжил үргэлжилж, инфляци зорилтод түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй эрэлт, нийлүүлэлтийн болон гадаад хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжилийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Цаашид дотоод эрэлт үргэлжлэн хүчтэй тэлэх тохиолдолд мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүй.

Тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, өндөр түвшинд хүрсэн хэрэглээний зээл, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар бууруулах зорилготой юм.

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж байгаа гэж Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна