Өнөөдөр Наурызын баяр

Админ
2019/03/22

Жил бүрийн энэ өдөр казах түмэн Наурызын баяраа тэмдэглэдэг. Казах хэлэнд “наурыз” гэдэг үг нь олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойрноос сэрэх, шинэ өдөр хэмээх утга агуулдаг байна. Тийм ч учраас энэ өдрийг жилийн эхэн гэж үзэн, цагаан сар, шинэ жилийн баяртай утга ижил баяр юм. Гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 03 цагаас эхлэн казах түмний баяр эхэлдэг аж. Учир нь казахуудын домог яриагаар энэ үед бурхан бууж ирдэг гэнэ. Тиймээс гэрээ цэвэрлэж, бурхныг хэр их цэвэр цэмцгэр гэртэй угтана, тэр хэмжээгээрээ бүтэн жилдээ өвчин эмгэггүй, гай зовлонгүй, сайн сайхан байна хэмээн үздэг ажээ. Мөн гуравдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцэх өдөр тул Казах түмэн нарыг шүтэж, өглөө эртлэн мандах нарнаар бүтэн жилийнхээ өнгийг шинждэг байна. 

 

Наурызын баяраар казах айл бүр хоол унд, идээ будаагаа элбэг дэлбэг бэлтгэж, айлд зочилж, дуулж хуурдан баярладаг. Мөн бие биендээ “Улыс он болсын ак мол болсын” буюу “Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай” хэмээн ерөөн мэндэлдэг аж. Казах залуус, хүүхдүүд баярын өдрөөрөө үндэсний тоглоомоор наадаж, эрчүүд нь “Көкпар” буюу тулам булаалдана. 

 

Бид бүхэн цагаан сараар тохой өргөн золгодог бол Наурызын баяраар эрчүүд хоёр гараа барилцан бие биедээ цээжээрээ хүрэн мэндэлдэг бөгөөд эмэгтэйчүүд нь тэврэлдэн золгодог байна. Мөн “Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” гэж үзэн, элбэг дүүрэн байхыг бэлгэдэн шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай, арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн усаар дүүргэж тавьдаг уламжлалтай юм. 

 

Наурызын баярын мэнд хүргэе.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна