ТӨР МУУ МЕНЕЖЕР БИШ, ХУДЛАА ГЭВЭЛ ОРОС, ХЯТАДЫГ ХАР

Админ
2019/03/25

Хувийн өмчийг төр дээрэмдлээ ч гэх шиг. Социализмруугаа буцах нь гэж нэг хэсэг нь болгоомжлоод, Коммунизм мандтугай гэж нөгөө хэсэг нь өгдөөгөөд ч байх шиг. Юу болоод байгааг ойлгоогүй зарим нь ч байна.

Төр муу менежер гэж ер нь хэн хэлснийг сана. Төрийн өмчийг хувааж идэх гэсэн нөхөд Баабараар тэгж хэлүүлсэн юм. Дараа нь өөрсдөө тоть шиг давтацгааж, ард түмэнд цээжлүүлсэн. Хуучны соц орнуудад ч эрх баригчид нь “Төр муу менежер” гэж хэлж байгаад, улсын өмчийг хуваагаад, хувьчлаад залгичихсан. Худал үгийг мянгад автвал үнэн болно гэдэг энэ.

Төр муу менежер байсан юм бол Хятад, Орос, Казахстаны төр ч бас муу л байх учиртай. Тэд Монголтой адилхан соц байсан орнууд. Одоо ч коммунизмаар замнаж байгаа Хятадын төр яаж даналзаж байгааг хар. 30 жилийн дотор 600 сая хүнийг ядуурлаас гаргаж, дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс болчихлоо. Хятадгүйгээр бүтдэг ажил, Хятадгүйгээр төлөвлөдөг юм дэлхийд нэгч байхгүй боллоо. “Fortune” сэтгүүлээс гаргадаг “Глобал 500”жагсаалтад 2010 онд Хятадаас ердөө 10 компани багтсан бол 10-хан жилийн дараа гэхэд 46 болсон байв. Харин одоо 98. Ямар вэ дээ. Хятадын компаниуд энэ жагсаалтад нэмэгдэх бүрт АНУ, Канад, Англи, Герман, Франц гээд хүчирхэг улсуудын компаниуд жагсаалтаас шахагдаж байгаа. Орлогоороо дэлхийн хэмжээнд яригдаж байгаа энэ том компаниудын 76 нь төрийн өмчийнх. Тэгэхээр Хятадын төр сайн менежер байгаа биздээ.

Оросын төр ч гэсэн сайн менежер гэдгээ нотолсоор байна. Саяхандаа, намайг дунд сургуулийн сурагч байхад Чечений дайны тухай мэдээ их гардаг байлаа. Харин одоо оросууд тэр дайныг, эдийн засгийн, мафийн, улс төрийн гээд бүх дайнаа ялалтаар дуусгаж байна. Үр дүнд нь Орос улс сэргэн мандаж байна. Төрөөс төрсөн тэрбумтнуудынхаа хууль бус хөрөнгийг хурааж, шударгаар бизнес эрхэлж яваа ард иргэддээ гараанаас зэрэг гарах боломж олгож байна. Олон улсын хоригийг ч огт ажралгүй давж байна. ДНБ-ээснь 2000 онд нэг орос хүнд 1320 ам.доллар оногдож байсан бол одоо 25.500 ам.доллар. Энэ онд тус улсын ДНБ 1.8 хувиар өснө гэж Олон улсын валютын сан тун өөдрөгөөр таамаглаж байна. Оросын төр сайн менежер учраас ингэж чадаж байгаа юм. “Почто России”-гийн Дмитрий Страшновыг хар л даа. Дампуурлын ирмэгт ирсэн тэр компанийг улсынхаа тэргүүн орлоготой аж ахуйн нэгжийн тоонд оруулаад, од боллоо.

Тэгэхэд бид яаж байна. Улсаа дампуурлын ирмэгт аваачаад, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихаад сууж байна. Саалийн ганц үнээгээ МАНАН сүлжээний “мянганы луйвар”-ааралдчихаад, “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийг төр аваад тононо. Хэзээ ч ашигтай ажиллуулж чадахгүй. Төр шахааны бизнесээ болгоно” гэсэн ухуулганд нь автчихаад, манараад сууж байна. Улсын өмчийг хувааж идэх гэсэн хүмүүс л ингэж хэлдгийг дахин сануулъя. Төрийн дансанд бүртгэлтэй өмч хөрөнгө угтаа ард түмнийх. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.1.1-д “УИХ бүх ард түмнийг төлөөлөн, төрийн өмчийн өмчлөгч байх эрхтэй”, 8.1.2-т “УИХ төрийн өмчийн улсын нэгдсэн тооллогын дүнгийн тухай Засгийн газрын тайланг хэлэлцэх, төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэмжээг тогтоох эрхтэй” гэж заажээ. Тэгэхээр “Эрдэнэт”, “Монголросцветмет” бол яах аргагүй ард түмний өмч. Тэрийг зарах, зарахгүйг Засгийн газар биш, УИХ шийднэ. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийг УИХ-аас асуухгүйгээр “Та нар ав” гээд “Монголын зэс корпорац”-тхэлчихсэн. Хүний юмыг эзнээс нь асуухгүйгээр зарчихсан байхад эзэн нь уурлана биздээ. Цагдаад хандана. Гэтэл нөгөөх нь “Чи муу менежер учраас би авчихсан юмаа”гээд байдаг.

Манайх шиг хөгжиж байгаа оронд санхүүгийн зах зээлийн тухай ярихад бэрх. Тэр дундаа хөрөнгийн зах зээл бүр ч хэцүү. Ийм нөхцөлд төрийн өмчийг хувьд шилжүүлбэл амжилттай ажиллуулах боломж бараг байхгүйтэй адил. Үүнийг чөнгөрсөн жилүүдийн түүх бидэнд нотолж байна. Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн профессор Альдо Мусаккио ч үүнийг хэдийнэ судлаад, тогтоочихож. Төрийн өмчийг төрд нь байлгаад, ашигтай ажиллуулж байгаа улс орнуудыг харахад ч тийм л байна. Төрийн өмчийг хувьчилсан орнууд аль хэдийнэ манайх шиг үрэн таран хийчихсэн. 

“Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг үндэсний гэх тодотголтой ч эргэлзээтэй нэг компанид өгч нохойн замаар оруулснаас 51 хувийг төрийн өмчид байлгаад, тэр луйвардах гээд байгаа 49 хувийнх нь 24 хувийг Хөрөнгийн биржээр арилжин, мөнгө босгож яагаад болохгүй гэж. Бонд гаргасан ч болно. Булаацалдаад авах банкууд ч бэлэн бий. Ч.Сайханбилэг эхэндээ “Эрдэнэт” бонд гаргах гээд судалж байсан юм билээ. Замаасаа төөрөөд, МАНАН-д олзлогдчихсон л болохоос. Үүгээр ч зогсохгүй үлдсэн 25 хувийг “Тавантолгой” шиг хувьцаа хэлбэрээр ард иргэддээ эзэмшүүлчихвэл яаж байна? Зарж болохгүй, зөвхөн ноогдол ашиг авдаг хувьцаа байх хэрэгтэй. Тэгэхгүй бол манайхан хоногийн хоолоор сольчихно. Төр “Эрдэнэт” дээр сайн менежер гэдгээ одоо л харуулах цаг болсон.

51 хувь нь төрд, 25 хувь ард түмэнд хувьцаа хэлбэрээр өгөөд 24 хувиар нь хөрөнгө босгож Эрдэнэтийг жинхэнэ утгаараа ард түмэндээ ээлтэй эрдэнэ болгомоор байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна