ШҮҮХИЙГ ШҮҮЖ, ШУДАРГА НИЙГМИЙГ ХУРДХАН НААШЛУУЛЪЯ

Админ
14 цаг 14 минутын өмнө

ҮАБЗ гэдэг 3 хүн Үндсэн хуульд халдлаа хэмээн МАНАН сандарч байна. Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигнаж байна. “Монгол Улсын, монгол хүний язгуур эрх ашгийг зөрчиж байгаа хэнд ч, тэр тусмаа хууль, шүүхийн байгууллагын ажилтанд хуулийн хийгээд өөр ямар нэг хамгаалалт дархлаа байх ёсгүй” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тэдэнд чуулганы танхимаас хариуллаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ өчигдөр хэлэлцэн баталлаа.

 

Ийн шүүхийг шүүх боломж бүрдэв. Олон нийт шүүх, прокурор, АТГ-т итгэл алдарсан. Ямар их итгэж, яасан том хариуцлага хүлээлгэж АТГ-ыг байгуулсан билээ дээ. Шүүх л үнэн мөнийг дэнсэлж, хар, цагааныг ялгаж өгнө гэж итгэсэн. Цагдаа гэнэдвэл, шүүгч алдвал прокурор сануулна гэж найдсан. Гэвч тэд авлига гэдэг далайд өөрсдөө үсрэн орсон. Татаад гаргая гээд гараа сунгасан боловч мөнгөөр нүдээ таглуулсан тэд харсангүй. Мянганы луйварчдыг хамгаалсаар, МАНАН мафийнхаа эрх ашгийг хаацайлсаар авлигалын далайдаа живэхээр шийджээ. Яая гэхэв. Тэд өөрсдөө л тэгж шийдсэн. 

 

Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж ардчилсан нийгэм хэлдэг. Гэвч МАНАН мафийнханд, Мянганы луйварчдад ямар ч хууль үйлчлээгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Үйлчлэхгүй болгосон буруутан нь шүүгч, прокурор, АТГ-ын эрхтэн дархтанууд. Тиймээс тэднийг эхлээд шүүхгүй бол МАНАН мафитай, Мянганы луйварчидтай яагаад ч хариуцлага тооцох боломжгүйг өнгөрсөн үйл явдлууд харууллаа. Одоо тэгэхээр шүүхийг шүүе. Хариуцлага тооцъё. Харин хурдлах хэрэгтэй. Шударга нийгэмд амьдрах цаг хугацаагаа нэг минутаар ч болов наашлуулмаар байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна