З.Энхболд: Шударга бус шүүгч прокурор нь бие биенийгээ хамгаалаад чөтгөрийн тойрог үүсгэчихсэн байна

Админ
2019/03/28

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр баталсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


-ЕТГ-ын дарга З.Энхболд: Хууль батлагдсан учраас хуульд заагдсан байгууллагууд ажлаа хийнэ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэж их ярьсан. Үндсэн хууль зөрчсөнийг гишүүд мэдэхгүй, Үндсэн хуулийн цэц шийднэ. Бодвол маргаан нь очиж байгаа байлгүй.

Томилгоо хийх эрх бүхий хүмүүст нь зөвлөмж хүргүүлж байгаа болохоос томилгоог нь ҮАБЗ хийж байгаа зүйл огт байхгүй. Прокурор, шүүгч, АТГ-ын дарга нарыг чөлөөлөх, огцруулах тухай заалт дээр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэдэг заалт нэмж байгаа юм. Жишээ нь, прокурор С.Зоригийн хэрэг дээр хүн хэлмэгдүүлж байхад юу ч хийгээгүй хэдэн жил болсон байна. Тиймээс энэ хүнийг огцруулъя гэдэг ҮАБЗ-ийн зөвлөмжийг прокурорыг томилдог байгууллагад нь хүргүүлнэ. Прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн томилдог. Тэгэхээр огцруулахдаа Ерөнхийлөгч зөвшилцөхгүй. Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн зөвлөмж зөв байна гэвэл прокурорыг УИХ-тай зөвшилцөхгүй шууд огцруулна. Дараагийн прокурорыг томилохдоо УИХ руу анкетыг нь авч орно. Ерөнхийлөгч А.Цэрэнсодном прокурорын анкетыг УИХ-д өгсөн байгаа. Гэхдээ үүнээсээ Ерөнхийлөгч татгалзчихлаа. Тэр нөхрийн тагнасан чагнасан бичлэг тараагаад байгаа учраас тухайн хүний анкетыг өнөөдөр бичиг явуулаад татна. Дараагийн прокурорыг 35-наас дээш, 10 жил ажилласан прокурор дундаас хэн нэгэн хүнийг томилохоор УИХ-тай зөвшилцөнө.


АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлж, огцруулах заалтад бас ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэдэг заалт нэмэгдсэн. Авлигын индекс нэмэгдээд байвал ҮАБЗ-өөс даргыг огцруулах нь зүйтэй гэж үзвэл тэр саналаа УИХ-д явуулна. Томилох эрхтэй байгууллага болох УИХ нь шийднэ. Зөвлөмжтэй санал нийлэх үү, үгүй юү гэдгээ шийднэ. Өөрөөр хэлбэл, огцруулахдаа хугацаа харгалзахгүй болж байгаа гэсэн үг.


Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт гарсан байгаа. Нэгд, ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаар шүүгчийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөл шийднэ. Ерөнхийлөгч шийдэхгүй. ШЕЗ-өөс түдгэлзүүлэх бичиг ирвэл Ерөнхийлөгч түдгэлзүүлэх эсэхээ бас шийднэ.


ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэнэ гэдэг үг оруулсан. Тэр нь бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг хугацаанаас нь өмнө огцруулдаг, хариуцлага тооцдог болно. Ийм л нэмэлтүүдийг хийсэн. Яагаад Үндсэн хууль зөрчөөгүй вэ гэвэл томилгоо хийх эрхтэй байгууллагууд нь өөрсдөө шийднэ. ҮАБЗ-ийн зөвлөмж гарч болно, харин түүнийг хүлээж авах уу, үгүй юү гэдгийг томилгооны байгууллагууд нь шийднэ” гэлээ. Мөн тэрбээр "Ерөнхийлөгч Ерөнхий прокурор болон орлогч прокурорыг шууд томилно. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид Ерөнхий прокурорыг огцруулах онцгой эрх өгсөн. Ерөнхийлөгч эрхээ эдэлнэ. Хэрвээ ажлаа хийхгүй, хүн хэлмэгдүүлээд, тэр бичлэгийн талаар сонссон байх. Тийм юм хийж байхад хамгийн гол хяналт тавьж, түүнийг зогсоох үүрэгтэй хүн нь прокурор. Ийм ажлаа хийгээгүй прокурорыг Ерөнхийлөгч чөлөөлнө, огцруулна. Дараа нь тэр хүмүүсийг хуулийн байгууллага шалгана. Зүгээр чөлөөлөгдөхгүй, хийсэн хэрэгтэй ял хүлээнэ. Харин шүүгч, прокурорыг хугацаанаас өмнө чөлөөлөх бол заавал ҮАБЗ-ийн зөвлөмжийг хүлээнэ.

 

Хуульд зааснаар ҮАБЗ үндэсний аюулгүй байдалтай холбоотой юунд ч оролцож болно. Сүүлийн 27 жилийн хугацаанд хуулийн байгууллагын хүн тамладаг зүйл зогсоогүй. Энэ нь өөрөө ҮАБЗ-д аюул учруулж байгаа юм. Хуулийн байгууллагад ард иргэдийг итгэхгүй болгож байна. Хуулийн байгууллагадаа итгэхгүй болно гэдэг нь төрдөө итгэхгүй, нэр хүнд унаж байна. Төрийн нэр хүндийг цэвэрлэх ажил хуулийн байгууллагын авлига авдаг, хийх ёстой ажлаа хийдэггүй, хүнийг эрүүдэн шүүлгэхгүй байх ажлаа хийх ёстой Ерөнхий прокурор юугаа хийж байсан юм бэ. Эсвэл улс төрийн зорилгоор хэрэг үүсгэдэг. Ийм хүмүүсээс нэн даруй салахгүй бол болохгүй. Салъя гэхээр шүүгч прокурор нь бие биенийгээ хамгаалаад чөтгөрийн тойрог үүсгэчихсэн байна. Аргагүйн эрхэнд ҮАБЗ хажуугаас нь оролцож байна. Салахгүй болохоор нийт системийг хэнд ч хэрэггүй болгож байна.

 

Шинээр томилох хүмүүст энэ хууль том сургамж болно. Хэрвээ хууль зөрчиж ажиллавал одоо ажлаа хүлээлгэж өгөх хүмүүс шиг ирээдүй хүлээж байгаа. Энэ хүмүүс хийсэн хэрэгтээ таарсан ял авна. Одоо бичлэгт гарч байгаа баатруудыг тогтооно. Тэнд нэртэй устай хүмүүс байгаа шдээ. Дахин шинээр эрүүдэн шүүсэн тухай эрүүгийн хэрэг үүсгэж, бүх оролцогчдын гэм бурууг тогтоож шүүх рүү шилжинэ. Гэхдээ Шинэ удирдлагуудыг томилсны дараа хийхгүй бол хуучин удирдлагууд одоо хийсэн юмаа зөв гэж гүрийнэ. Энэ хууль гарсан түүх ердөө л энэ" гэв.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна