С.Амарсайханыг гаргасан шийдвэрээ эргэж харахыг шаардлаа

Админ
2019/04/02

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж, томилгоо хийсэн. Тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Баясахыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилсон. Тэгвэл тус томилгоог хууль бус гэнэ. Иймд  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд үүсээд буй нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, гаргасан шийдвэрээ эргэж нягтлан, шаардлагатай бол залруулга хийх, цаашид тус дүүргийн ээдрээтэй асуудлуудад нухацтай хандаж ажиллахыг шаарджээ. 

 

Тус шаардлагад "Өнгөрөгч Баасан гаригт буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Б/41, Б/42 дугаар захирамжуудаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахыг үүрэгт ажлаас чөлөөлөн, Э.Бат-Амгаланг томилж, ажил хүлээлцэх Ажлын хэсгийг байгуулсан байна. 


Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2 тойрог дээр явуулсан дахин сонгууль нь НИТХ дахь АН-ын бүлэгт ирсэн мэдээллээр УИХ-ын нэгдсэн чуулганаар хүчингүй болгосон хуулийн заалтыг /Сонгуулийн тухай хуулийн 160.4/ үндэслэсэн гэх асуудал шүүхийн маргаантай байгаа ба санал хураалтын үеэр тус дүүргийн ИТХ-ын нэр бүхий Төлөөлөгчид иргэдийн саналыг татах зорилгоор мөнгө тарааж газар дээрээ баригдсан нь  Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. 
Цаашилбал Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, Төлөөлөгч Б.Галцог хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар  шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна. 


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад Төлөөлөгчдийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тохиолдлуудыг хуульчилсан ба 13.1.4-т Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13.2, 18.1.1-а дахь заалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд Төлөөлөгчөөс нь огцруулахаар хуульчилжээ. Иймд Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар Б.Галцогийг Төлөөлөгчөөс нь огцруулсан байна. 


Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасны дагуу 15-с доошгүй хоногын өмнө буюу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 19-нд хуралдуулахаар тогтоол гаргаж Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Гэтэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дах Монгол Ардын Намын Төлөөлөгчид дахин сонгуулиар хамгийн олон санал авсан бүрэн эрх нь баталгаажаагүй 2 хүний хамт хуулийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарласан нэгдсэн хуралдааны өдрийг хүлээлгүйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хуралдаж Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тогтоол үйлдэж танд хүргүүлсэн байна. Тухайн хурлын болон тогтоолын хүчин төгөлдөр эсэх, тогтоолын хууль зүйн үндэслэл зэрэгт илэрхий асуудал үүсээд байхад та газар дээр нь шууд хүлээн авч, нэг өдрийн дотор дараагийн шатны бүх процедурыг гүйцэтгэсэнд бид харамсаж байна. 
Иймд үүсээд буй нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, гаргасан шийдвэрээ эргэж нягтлан, шаардлагатай бол залруулга хийх, цаашид тус дүүргийн ээдрээтэй асуудлуудад нухацтай хандаж ажиллахыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс шаардаж байна. 


Энэхүү шаардлагын хариуг ажлын 2 хоногт багтаан ирүүлнэ үү" гэсэн байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна