АН-ЫНХАН НАМ ДОТОРХИ МАНАН-ГАА УСТГАХ ГЭЭД ...

Админ
2019/04/10

Сонгуулийн өмнөх жил Ардчилсан нам “амьсгал хураачих” вий дээ.  Ийм бодол сүүлийн хэдэн өдрийн улс төрийн үйл явдалтай хамт зурс хийж орж ирээд ер болдоггүй ээ. Уг нь энэ намын түүх 30 жилээр хэмжигдэж, 200 гаруй мянган гишүүнтэй. Гишүүдийн тал нь ид сайхан залуучууд гэх.Энэ утгаараа шинэ үеийн залуучуудын бүхэл бүтэн арми гарч ирж, Монголын ирээдүйг, өнөөдрийн МАНАН-гийн улс төрийг зад цэвэрлэнэ гэсэн хүлээлттэй байв. 


Сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж, эрх баригчдынхаа алдаан дээр элдэвтэй тоглолт хийж, иргэдийнхээ амьдралыг бага ч гэсэн дээшлүүлэхэд нэмэр болно гэж хүлээж байв. Дарга нь гишүүдээ сонсч, дархлагдсан хэдэн гишүүдийнхээ буруу ишилсэн сүх шиг эрээвэр хураавар тоглолтыг тогтоон барих байв. 


Даанч харамсалтай нь ийм зүйл болсонгүй. 


Ардчилал гэж цээжээ дэлдэж, амныхаа уншлага болгохоос өөрийг хийсэнгүй. Муу муухай хэрэг болгонтой холбогдож, муйхарлаж хэрэлдсээр хэдэн гишүүдээ үргээх болов. Ямар сайндаа өдөр болгон шахуу жирийн гишүүд нь намаасаа татгалзаж, лидерүүд нь сөнөж байгааг Монгол түмэнд дуулгахав дээ. 


Хэдхэн хоногийн өмнө  л гэхэд АН-ын Үндэсний бодлогын хорооны таван гишүүн намаасаа татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Тэд “Хэдхэн хүнийг баяжуулахын төлөө ажилладаг нам хэрэггүй” гэв. Мөн АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн байгуулагдаж, нэлээд эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн залуучууд төдийгүй нэгэн цагт АН-ыг тэргүүлж асан лидерүүд нь хүртэл АН-аас тусдаа, С.Эрдэнэ даргынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн. АН-ын дарга асан Н.Алтанхуяг гэхэд бараг л нам шахуу “Нэгдмэл монгол” хөдөлгөөнийг үүсгэн улс төрийн ажлаа хийж эхэлсэн бол УИХ-д АН-ын төлөөлөл болж байсан Ж.Батзандан, Лу.Болд 2 намаасаа хөөгдмөгцөө тусдаа нам байгуулан саллаа.


Эдгээр гишүүдэд намаасаа татгалзахад хэд хэдэн нийтлэг шалтгаан ажиглагдсан.


1. Гишүүдээ сонсдоггүй. АН наанаа залуучууд гэж ярих ч цаанаа тэднийгээ үргэлж дарлаж байдагийн нэг жишээ саяхан болсон. АН-ын Үндсэний бодлогын хороо хуралдаж, АПУ ХК-ийн хувь нийлүүлэгч, уяач, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Хууль Зүйн сайд асан Х.Тэмүүжин, ОХУ-д суух Элчин сайд асан Б.Дэлгэрмаа нарыг дэд даргаар нэмж сонгосноор зургаан дэд даргатай болоодхов. Өмнө нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал гэсэн гурван дэд даргатай байсан билээ.Намын энэ шинэ удирдлагад залуусын, шинэ үеийн төлөөлөл байна уу. Бүгд шахуу сайн, муу нэртэй хөгшин бурхинууд. Улс төрийн, хэвлэл мэдээллийн ертөнц эдгээр хүмүүсийн бузар булхайг хангалттай дэлгэсэн. Ямар хүмүүс вэ гэдгийг хуруу дараад л тооччихно. АН энэ мэт “хөгшин бурхинуудаа” эргэж залах нь хэний ашиг сонирхол вэ? Яагаад шижигнэсэн шинэ үеийн залуучуудаар цус сэлбэж, тэднийхээ хүчээр хуучин МАНАН-г устгаж, шинэ эрин эхлүүлж болдоггүй гэж. 


2. С.Эрдэнэ АН-ыг өмчилсөн. С.Эрдэнэ намдаа ганцаардаж буй. Өөрийнх нь үгэнд ороогүй, эрх ашигт нийцээгүй гишүүдээ тэр шууд хөөчихдөг гэмтэй. Үүнээсээ болж Х.Баттулга, Ч.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав, Ж.Батзандан, Л.Болд гэх лидерүүдтэйгээ түнжин хагарчихсан. Түүнд хань хэрэгтэй болсон. Тиймээс муу нэрээр ч хамаагүй олонд танигдсан, нэр нь цээжлэгдсэн хэдэн гишүүддээ Дэд даргын сэтэр зүүлгэж, дэргэдээ байлгах арга сүвэгчилэв. АН-ын рейтинг түүхэндээ байгаагүйгээр уначихсан, гишүүдийнх нь итгэл алдарчихсан. Дайран дээр давс гэгчээр УИХ дахь намын бүлэг нь задарсан энэ үед С.Эрдэнийн сийлсэн ухаан гэх үү дээ. Түүгээр ч барахгүй С.Эрдэнэ мөнгөтэй бол хэнд ч сөгдөхөд бэлэн байна. Тэр дундаа АПУ-д тал засч, Батхүү ахыгаа Дэд даргаар өргөмжилж, дүүг нь АН-ын хамгийн том Чингисийн одонгоор шагнах хүртлээ шалдаа буусан нь сонгуулийн сурталчилгааны мөнгөө гаргуулах заль хэмээн намынхан нь хардаж тун дурамжхан байгаа. 


Уг нь НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг нь өөрийн хамаарал бүхий “Батганагро” ХХК –иар ЖДҮХС-гаас 2017 оны наймдугаар сард 500 сая төгрөгийн зээл авсан нь ил болсон. Тэрбээр НИТХ-ын төлөөлөгчөөс гадна АПУ Трейдинг ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажилладаг нэгэн. Түүнийг ЖДҮ-гээс зээл авсан гэдгийг мэдсэн АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай "П.Батчимэгийг цагдаад өгч шалгуулна. Манай нам ЖДҮ-гийн хулгайг өөгшүүлэх ёсгүй. Гэмт хэрэгт холбогдсон хэн ч бай хариуцлага хүлээх ёстой" гэж байр сууриа илэрхийлж байсан. Гэвч С.Эрдэнэ намынхаа 29 жилийн ойгоор ЖДҮ-чин гишүүнд хариуцлага тооцох нь байтугай бүүр ёслол төгөлдөр хүндэтгэлтэйгээр Чингисийн одонг энгэрт нь зүүж өгсөн. Эрдэнэ ван шийдсэн л бол Магнай нарийн бичиг яагаад ч нэмэргүй л дээ.  


АН-ын дарга  С.Эрдэнийн рейтинг шал арччихсан яваа. Сөрөг хүчний даргын хэлсэн үг нийгэмд хүчтэй нөлөө үзүүлдэг. Гэтэл С.Эрдэнийн үг иргэдийн дэмжлэгийг авах нь байтугай дургүйцлийг нь хүргэдэг болсоор удаж буй. Энэ мэт үйлдлээрээ хэдэн гишүүдээсээ нэмэх оноо авч, ирэх хугацаанд мөнгөөр “зодоод” ч болов өөрийн рейтингээ өсгөх давхар санаа агуулсан ч байж мэднэ. Яг л өнгөрсөн долоо хоногт мөнгөөр зодож, жагсаал хийж дөрвөн мянга бишээ дөчин мянган хүн цуглуулсан шигээ...  


3. АН+МАНАН. МАНАН мафийн тухай Ардын намыхан ярьдаг байсан бол одоо Ардчилсан намд яригддаг болж. У.Хүрэлсүх намын дарга болохдоо л цэвэрлэгээний тухай ярьсан. Тухайн үед юун цэвэрлэгээ яриад байгааг учир мэдэх хүмүүс ойлгосон. Ерөнхий сайд болсныхоо дараа МАНАН бүлэг гэж үнэхээр байдаг, намаасаа, төрөөсөө зайлуулна гээд М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь огцруулснаар энэ ажиллагаа идэвхжсэн.Сүүлийн 20 гаруй жил хотод ноёлсон М.Энхболдын фракцийг татан буулгаснаар Ардын нам МАНАН-гаас бага багаар салж У.Хүрэлсүхийн МАН дахь “цэвэрлэгээ” эхэлсэн. Харин одоо АН-ынхан илүүтэй ярих болсон нь МАН-ын эхлүүлсэн МАНАН-гийн эсрэг цэвэрлэгээ АН-д ч хэрэгтэй болсны шинж.  МАНАН бүлэглэл АН-д ёстой нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг. Ийм эрхийг С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын удирдлагууд тэдэнд олгосон. Энэ нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах үеэр, нийслэлийн ЗД-ыг шинээр сонгох НИТХ-ын хурлын үеэр, Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбоотойгоор УИХ, хууль шүүхийн байгууллага дээр шийдвэр гаргах үеэр гээд сүүлийн хэдэн сард өрнөсөн улс төрийн үйл явдлаас хангалттай харагдсан.Шүүх, цагдаа, прокурортойгоо хүртэл нийлээд хууль зөрчсөн нь илэрчихээд байхад л Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар л зөрчөөгүй хэмээн улаан цайм гүрийж байлаа. 


Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав ҮАБЗ дээр нэгдмэл байж чадсанаар зөвлөмж гаргаж, МАНАН-гийн гар хөл болсон  шүүх, прокурорын удирдлагуудыг сольж чадсан. Үүний үр дүнд өчигдөрхөн хуралдсан Улсын Дээд шүүхийн хуралдаан дээр Ц.Пүрэвтүвшин захиралтай "Алтайнгянт" компани ялагдал хүлээж, Багануурын уурхай төрийн мэдэлд ирэв. Энэ бол улсын Дээд шүүх МАНАН-гийн гав гинжнээс салж эхэлж буйн дохио. Цаашдаа МАНАН-гийн гол санхүүжүүлэгч ХХБ-ны босс Д.Эрдэнэбилэгийн МАНАН-гийн хуйвалдаанаар өмчилж, худалдаж авсан Эрдэнэтийн 49 хувиас эхлээд өмч хувьчлалын болон өөр бусад асуудлууд нэг нэгээрээ шүүгдэнэ. Яваандаа МАНАН мафи устана. Харин тэр цаг үед Ардчилсан нам үлддэг л байгаа даа. Галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөнө гэдэг шиг МАН-ыг дууриаж их цэвэрлэгээ хийх гэж байгаад хэд хэдэн бүлэглэлд хуваагдаад нам ч үгүй, МАНАН ч үгүй, фракц ч үгүй болох вий дээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна