АТГ-ЫН ДЭД ДАРГА АЖЛАА ӨГЛӨӨ, ОДОО “ТОМ” НЬ ...

Админ
2019/04/15

Өнгөрсөн долоо хоногийн “топ” сэдэв нь АТГ-аас гаргадаг албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг байлаа. Жил болгон монголчуудын нүдийг орой дээр нь гаргадаг үзэгдэл энэ жил дахиад л давтагдав. Ялангуяа шударга шүүх гэж ярьж байгаа энэ үед хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудын хадгаламж, худалдаж авсан орон сууцны үнэ монголчуудыг бараг л цохиод авах шиг болсон.

 

Сарын сая гаруй төгрөгийн цалинтай дарга нар яаж хэдэн тэрбумын байр авч, хадгаламжтай болсон бэ эсвэл тэрбумын хадгаламжтай баячууд яагаад сарын сая төгрөгийн цалинтай ажил руу чичирдэг вэ гэх асуулт өөрийн эрхгүй тавигдана.

 

Эгэл жирийн иргэдээс эхлээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хүртэл хууль хяналтын байгууллага болохоо байсантай санал нийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, уг хуулийг ээлжит бус чуулганаар баталсан. Уг хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу шударгаар ажиллаж чадаагүй  Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болсон.

 

Хууль батлагдсаны дараах нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс эхлээд Ерөнхий прокурор хүртэл ажлаа өгсөн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Нийслэлийн прокурорын газрын дарга М.Баярмагнай ажлаа өгсөн бол өнөөдөр АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж ажлаа өгөхөөр болжээ.  Ц.Нямдоржийн хувьд хууль хяналтынхан дундаа тэрбумтанаар тодроод буй. Тэрбээр АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 5 тэрбум 921 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай хэмээн мэдүүлсэн нь олны хараанд өртөөд байгаа юм. 

 

Ц.Нямдорж ийнхүү ажлаа өгсөнөөр АТГ-ын дарга Х.Энхжаргал ганцаараа бууриа сахиж үлдэж байна. Түүнийг МАНАН мафийн хамгааламч хэмээн хэвлэлийнхэн цоллодог. Учир нь энэ бүлэглэлд хамаардаг хэргүүдийг Х.Энхжаргал  тэргүүтэй АТГ-ынхан шалгаж байгаа нэрийдлээр хэдэн сар жилээр ч хамаагүй дарчихдаг. Тэгээд ч Х.Энхжаргал М.Энхболдтой ойр гэдгээ нуугаагүй билээ. Энэ мэт шалтгаанаас болж Ерөнхийлөгч Х.Баттулга оны өмнөөс л түүнийг ажлаа өгөхийг шаардсан. Гэвч тэрбээр өнөөг хүртэл хугацаа болоогүй гэх шалтгаанаар асуудлаас бултаж ирсэн ч нэгэнт үнэнд гүйцэгджээ. 

 

Ирэх баасан гаригийн чуулганы хуралдаанд ҮАБЗ-өөс чуулганд хаалттай мэдээлэл хийнэ. Ингэхдээ АТГ-ын удирдлагуудын чөлөөлөх, шинээр томилогдох дарга нарын тухай мэдээлэл өгөхөөр болсон хэмээн эх сурвалж мэдээлээд байна. Үүнээс урьтаж Ц.Нямдорж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болсон байж магадгүй гэх яриа ч байна. Мэдээллийн гол сэдэв нь  Ц.Нямдорж болон Х.Энхжаргал. Нэгэнт Ц.Нямдорж ажлаа өгсөн тул түүний талаарх яриа нэг их сонин биш. Харин Х.Энхжаргалын тухай халуухан, ширүүхэн яриа энд өрнөх нь мэдээж. Энэ явдалын дараа тэр суудалдаа үлдэх болов уу яах бол...

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна