Д.Сүхжаргал: Талийгч охин маань хөх няц болсон биетэй, уруул нь сэтэрсэн зургуудаа найздаа явуулсан байсан

Админ
2019/04/16

Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны 13 давхараас 22 настай иргэн Ц унаж, амиа алдсан хэрэг энэ сарын 10-нд гарсан билээ. Хэргийн талаарх мэдээллийг талийгаачийн аав Д.Сүхжаргал сошиалд нийтэлснээр олны анхааралд өртсөн юм. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм байна. Уг хэргийн гэрч болох талийгаачийн найз залуу тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд хэргийн дараа найз залууг нь эрүүлжүүлж, улмаар батлан даалтад гаргасан.

 

Энэ талаар талийгаачийн аав Д.Сүхжаргал өнөөдөр хэвлэлийнхэнд ханджээ. Тэрбээр “Миний охин амиа хорлох хүн биш. Хүний нөөцийн удирдлагын академийг ирэх 5 сард төгсөх байлаа. Гэтэл найз залуу гэх Боргил нь шалгалт шүүлэг ихтэй байх үед нь сургууль дээр нь ирчихээд “Хурдан гарч ир. Чи наанаа юу хийгээд заваараад байгаа юм” гээд суучихдаг байсан гэнэ. Өөрөө л ийм нохой шиг амьдралтай, сургууль соёл хаа хамаагүй газар завхайраад явдаг хүн юм байлгүй.

 

Миний охин нэг ч удаа аавынхаа үгнээс зөрж гадуур хонож үзээгүй. Өнгөрсөн жил 10 сард нэг удаа гэртээ ирээгүй. Тэр үед ээж нь тэнгэрт халиагүй байсан л даа. Тэгээд өглөө нь залгахад “Та хоёртой чухал зүйл яръя. Би найз залуутай болж байгаа. Бид хоёр хамт амьдрахаар шийдсэн” гэж хэлэхэд юу яриад байгаа юм гэж уурлахад нөгөөдөр нь энэ Боргил гэх залууг дагуулж орж ирсэн.  Тухайн үед харахад боловсролтой мэдлэгтэй, муу зуршилгүй залуу юм байна гэж хараад зөвшөөрсөн. Хүний муу гадна талдаа харагдахгүй шүү дээ. Тэгээд ч  хорь гарсан хүнийг хорьж цагдаад байж болохгүй.

 

Гэвч түүнээс хойш нэг удаа охин маань хэрэлдсэн гээд ирсэн. Тав зургаан сарын дотор хэрэлдэж муудалцаж байгаа бол явуулахгүй л гэсэн. Тэр үед  охиноосоо арай зоддог юм биш биздээ гэхэд үгүй л гэсэн. Гэвч тэр үед л зоддог байсан байж. Өмнө нь бүр хоёр гурван удаа зодсон юм билээ.  Уруулаа сэт цохиулсан, бие нь хөх няц болсон, орны даавуу нь цус болчихсон зурагаа найзууддаа явуулсан юм билээ. Ингэхдээ үүнийг хадгалчихаарай гэж захисан байгаа юм.  

 

Өөд болохынхоо өмнө охин маань Боргил бид 2 муудалцаж байгаад би ширээний ирмэг мөргөөд уруул сэтэлчихсэн гэсэн. Тухайн үед зоддог нөхөр юм байна гэж бодоод гэртээ 2,3 хоног хорьсон. Гэтэл нэг өдөр аавтай чинь орж уулзах гэж байна. Ааваас тань уучлал гуйна, дахиж хэрүүл хийхгүй гэж байна гэхээр нь гаргачихсан.  Гэтэл түүнээс хойш утас нь холбогдохоо больсон. Ер нь утсыг нь булаачихдаг хүн юм билээ л дээ. 


Хэргийн газар хохирогчийг төлөөлж намайг оруулсан. Гэрийнх нь үүдэнд хувцасаа овоолчихсон байсан. Миний охин гарах гэхээр хаалгаа цоожилчихсон, утсыг нь булаачихсан ч байж мэднэ. Магадгүй зодож, цохиж байгаад алчихсан ч юм билүү. Хэргээ нуух гэж амь насаа хороосон болгож цонхоор шидчихсэн ч юм билүү. Надад ийм хардлага төрж байна. Учир нь зодуулж, цохиулсан юмуу гэмээр ил шарх сорви зөндөө байсан. Тухайн үеийн бичлэгийг цагдаад өгсөн. Би охиноо сайн сайхан амьдраасай гэж бодоод Боргилд өгөөд явуулсан. Энэ л миний алдаа болж” хэмээн ярьсан байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна