Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахад саад хийж байгаа хүмүүс байна

Админ
2019/04/18

“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан завсарласан. Энэ үеэр Хуульзүйн сайд Ц.Нямдорж “Энэ хэргийг нууцаас гаргах гэж найман сарын ажил болсон. Асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Хоёр удаа Засгийн газрын хуралдаанаар оруулж байж  арай гэж нууцаас гаргасан.

 

Гэвч ил болгов гэсэн дардас дараатай байхад л шат шатны шүүхийн шийдвэрийг УЕП-ын хуучин удирдлагууд үзүүлж харуулахгүй гээд хав дарж хэвтээд өнөөдрийг хүрсэн. Гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцчихвал худлаа гэдгийг дотор нь биччихсэн байгаа.  Энэ хэргийг будилаантуулсан хүмүүс хариуцлагаас зугтаж одоог хүртэл хав дараад байгаа.

 

Эрүүдэн шүүсэн нь үнэн, хуурамчаар материал бүрдүүлсэн нь ч үнэн. Хэлмэгдүүлсэн нь үнэн. Үүнээс илүү аймшиг гэж байдгийг би мэдэхгүй. Энэ ажлын хэсэг мөн УИХ дахин Монголын түүхэнд балмад явдал гарахыг таслан зогсоох ёстой гэж бодож байна. 1937 оны буудахаас бусад бүх аргыг хэрэглэсэн. Зөвхөн ял эдэлж байгаа гурван хүнийг ч бус тэдний ар гэрийнхнийг дарамталж, утсыг нь тагнаж чагнаж гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Ийм аймшиг байж болох уу.

 

Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэх эсэх асуудлыг Түр хороогоор дахин авч хэлэлцэх юм байлгүй дээ. Миний хувьд олон нийтэд үзүүлэхэд гэмгүй л гэнэ. Мөн хуулийн шүүхийн байгууллагын ажилчдад энэ бичлэгийг үзүүлнэ гэж бодож байгаа. Том зааланд нэг дор цуглуулж үзүүлээд дахин ийм зүйл хийхгүй шүү гэдгийг нь хатуу анхааруулах шаардлагатай. Ял эдэлж байгаа хоёр хүнийг суллах боломж байгаа. Энийг  хийлгэхгүй нэг ч гэсэн өдөр хожих гэсэн сонирхолтой хүмүүс бий. Дээд шүүхийн Эрүүгийн танхимын таван шүүгч хуралдаад энэ шийдвэрийг гаргачихсан. ТЕГ, УЕП-ын хуучин удирдлагууд энэ асуудалд орооцолдчихсон учраас замд нь элдэв саад хийгээд болохгүй байна. Би энэ асуудлыг өдөр бүр ярьж байгаа.Уг нь хуульдаа гэмгүй хүнийг нэг минут ч саатуулах эрхгүй. Болдог бол өнөөдөр ч гэсэн суллах сан” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна