ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН ТӨВ ТАЛБАЙН 2.5 ГА ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА

Админ
2019/04/23

Хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн 2.5 га газрын зөвшөөрлийг цуцаллаа. Тэрбээр энэ тухай шийдвэрээ Сүхбаатарын талбайд танилцууллаа. С.Амарсайхан захирамжаа танилцуулахдаа “2006 онд Сүхбаатарын талбайн 2,5 га газрыг “ЮВ констракш” компани усан оргилууртай газар доорх байгууламж барих зориулалттайгаар эзэмшсэн. Гэвч захирамж гарснаар хойш 10 жилийн хугацаанд ганц ч тохижилт хийгдээгүй. Улмаар 2016 онд    автомашины зогсоол болгосон. Ингэхдээ зогсоолын ашгийн 30 хувийг нийслэлд олгоно гэсэн гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд зогсоолын ашиг гэж ганц ч төгрөг орж ирээгүй учраас өнөөдөр энэ газрын эрхийг цуцалж байна. Хуулиндаа захирамж гарсанаас хойш 2 жилийн дотор ашиглах ёстой. Энэ газрын эрхийг цуцлах талаар “ЮВ констракш” компанид холбогдох албаныхан мэдэгдсэн. Тиймээс бүх зүйл хуулийн дагуу явагдаж байна” гэлээ. 
 

Энэ газрыг “ЮВ констракш” компани их хэмжээний мөнгөний барьцаанд тависан гэх мэдээлэл бий. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт “Улсаа аврах үндэсний хөдөлгөөн”-ийнхөн “Гаднынхан ирэхэд хүндэтгэл үзүүлдэг улс орны бахархалт газар болсон талбайг ингэж хэн нэгэн хүний нэр дээр шилжүүлэн банканд барьцаанд тавьж болохгүй. Өөрөөр хэлбэл, Д.Сүхбаатарын талбайн 50 хувийг Ю БИ КОНСТРАКШН ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2006 оны тавдугаар сарын нэгний өдрийн 215 захирамжийн дагуу Д.Эрдэнэбилэгийн мэдэлд хууль бусаар шилжүүлсэн байна. Үүгээр зогсохгүй Улаанбаатар хотын банканд гурван удаа барьцаанд тавьжээ.


Тодруулбал,
    2017.06.09-ний өдөр 500,000,000 төгрөг
    2017.06.13-ны өдөр 4,000,000 ам.доллар
    2018.06.27-ны өдөр 4,450,000 ам.доллар буюу нийт 8.6 сая ам.долларын барьцаанд Д.Сүхбаатарын талбайг тавьсан байна. 

 

Энэ авсан мөнгөөрөө тохижилт гэхээр зүйл хийгээгүй. Ингэж 20-30 жилийн хугацаатайгаар хувь хүний мэдэлд шилжүүлээд банк барьцаанд авчихсан тул хэрвээ мөнгөө эргүүлэн төлж чадахгүй тохиолдолд банк  барьцаанд  авч үлдэнэ. Монгол Улсын эрх ашгаас давчихсан хувийн эрх ашгийг зогсоох цаг болсон юм биш үү. Арай дэндэж байна. Төрийн гурван өндөрлөг хүртэл энэ асуудлыг зүгээр хараад сууж болохгүй.  Тиймд Д.Сүхбаатарын талбайн газрын гэрчилгээг хүчингүй болгож, Улаанбаатар хотын банкны барьцаанд тавьсан буруутай этгээдийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг  Хотын захирагч С.Амарсайханаас шаардаж байна. Шаардлагын хүрээнд 72 цагийн дотор гэрээг хүчингүй болгох ёстой"  хэмээн мэдэгдсэн билээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна