МАН-Д БАТАЛГАА, МАХН-Д ТАНДАЛТ, АН-Д ШИЙДВЭРЛЭХ ЦОХИОЛТ БОЛОХ ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬ

Админ
2019/04/26

Том сонгуулийн өмнөх улс төрийн намуудын чансааг тогтоох бодит судалгаа болж буйгаараа Хэнтийн сонгууль улс төрийн ажиглагчдын анхаарлыг татаж байгаа. Аль нам хэнийг нэр дэвшүүлэх, хэн ялах вэ гэдгээсээ илүүтэй Хэнтийчүүд аль намыг илүү дэмжихээс 2020 оны улс төрийн өнгө харагдана. УИХ-ын бүрэн эрхийн үлдсэн ганц жилийн хугацаанд 42-р тойргоос ямар ч “бурхан” сонгогдож гарч ирсэн ч тойргийнхоо төлөө юу ч хийж чадахгүй л болов уу. Харин аль намын төлөөлөл байв гэдгээс шалтгаалан УИХ-д болон улс орны ирэх 4 жилийн улс төрийн өнгийг тодорхойлно гэдгээрээ улс төрийн чухал ач холбогдолтой сонгууль юм. СЕХ-оос энэ нөхөн сонгуульд 27 нам  оролцох боломжтой гэж мэдэгдсэн. Гэхдээ  урьдчилсан байдлаар гол тоглолт МАН, МАХН, АН гэсэн гурван намын дунд явагдах таамгийг ажиглагчид дэвшүүлж буй. 

 


МАН ба БАТАЛГАА


Эрх баригч МАН-ын хувьд Хэнтийн нөхөн сонгуулиар орон гарсан суудлаа эргүүлэн авахын төлөө өрсөлдөх нь тодорхой болоод байна.  Үүнийгээ ч баталж өнгөрсөн лхагва гаригт хуралдсан МАН-ын УЗ ирэх даваа гаригт намын Бага хурлаа зарласан. Энэ хурлаар Хэнтийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэгчийг хэрхэн тодруулах журмаа хэлэлцэж батлах юм байна. Босоо удирдлагатай энэ намын хувьд Удирдах зөвлөлийн шийдвэр нэгэнт гарсан болохоор Бага хурлаар ёсчилон батлах байх. Харин заримнэг хэвлэлээр гарч байгаачилан МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх эсэхийг энэ хурлаар шийдэхгүй гэсэн мэдээлэл байна. Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигчид ирэх тавдугаар сарын 24-28-ны хооронд тодрох ёстой Тиймээс Бага хурлаа дахин хуралдуулж нэр дэвшигчээ тодруулна. 


Магадгүй У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн тохиолдолд Хэнтийн тойрогт нэлээд ширүүн өрсөлдөөн болно. Эрх баригч намын хувьд Намын даргаа сойсноороо бүх хүч, боломжоо хаях нь тодорхой. Гэхдээ том хүч хаясан, хаяаагүй У.Хүрэлсүхийн хувьд хувийн рейтингээрээ “Сантмарал”-ын хамгийн сүүлийн 4 дүгээр сарын судалгаагаарТОП 10 улстөрчийг нийслэл, орон нутагт тэргүүлсэн. МАН-ын дарга болон Ерөнхий сайдын тамгыг гардан авсаас хойшх хугацаанд түүний эхлүүлсэн “их цэвэрлэгээ” ард түмний дунд их итгэл, хүлээлт үүсгээд байгааг энэ судалгаа харуулж байна.  Тиймээс У.Хүрэлсүх нэр дэвшиж өрсөлдсөн тохиолдолд бусад намаас хэн ч дэвшээд ард түмний дэвжлэгийг түүн шиг хүлээж чадахгүй л болов уу. Харин У.Хүрэлсүхээс өөр хэн нэгнийг дэвшүүлсэн тохиолдолд хэнтийчүүд 2016 оных шигээ МАН гэх нэг “малгайд” хэн ч байсан багтаана гэж итгэлтгүй. “Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэдэгчилэн харин ч хувь хүнийх нь төлөвшил, ноён нуруу, ёс зүй гээд олон шалгуурыг тавих нь тодорхой юм. Магадгүй нэр дэвшигчийн хувь хүний шалгуур дээр нь МАН-ын, Хүрэлсүхийн эхлүүлсэн МАНАН мафийн эсрэг тэмцэл, төрд хийж буй “их цэвэрлэгээ“ зэрэг ард түмний гомдол, цөхрөлийг барагдуулахын төлөөх тэмцлийн үр дүнд хэнтийчүүд нэмэх оноо өгөх магадлалтай. Харин бусад нам, нэр дэвшигчийн хувьд эрх баригч нам шиг, МАН-ын даргынх шиг  нэр дэвшигчээ сонгуулахадоноо нэмүүлэх гадна талын дэмжлэг бага гэж хэлж болно. Тиймээс энэ сонгууль бол МАН-ын хувьд эхлүүлсэн ажилдаа ард түмний нэг хэсгээр үнэлүүлэх үнэлгээ, хийж буй тэмцлээ үр дүнд хүргэх баталгаа болох юм. 

 


МАХН ба ТАНДАЛТ


 МАХН-ын хувьд хэнтийчүүд ямар дүн тавихаас 2020 онд Монголын улс төрд 3 дахь орон зайг нөхөх эсэхээ дүгнүүлнэ. Тэртусмаа “цаст уулын цагаан барс цагаа тулахаар шоргоолжинд бариулна” гэдэгчилэн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш юм юм үзсэн ч улс төртэй зууралдсаар, УИХ-д орох гэж бүх боломжийг анаж суугаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд өнгөрсөн зургаан жилийн “тэмцэл” нь ард түмэнд хүрсэн эсэхийг тандах сонгууль юм. Магадгүй ганц лидертэй энэ намын хувьд ийм шийдвэрлэх тулаанд ганц дайчин Н.Энхбаярыгаа эсвэл С.Ганбаатарыг  нэр дэвшүүлэх хувилбар бий. Учир нь ирэх 4 жилийн өнгийг тодруулах ийм тулаанд одоогоор тэднээс  өөр намынхаа рейтингийг авч гарах хүн үгүй. Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар, С.Удвал гээд өмнөх сонгуулиудад туг, далбаа болон намирч байсан хүмүүс одоо нас сүүдэр нь өндөрт гарч өрсөлдөх чадвар нь багассан. Залуучуудын хувьд С.Ганбаатар Эрдэнэжамьяан гээд танигдсан хүн дуусах тул “ахмадын” нам болсон МАХН-тайгаа цаашид  улс төрд явах уу, эсвэл тэтгэвэртээ гарах эсэхээ тандах боломжийг энэ сонгууль Н.Энхбаярт олгож буй. Түүний хувьд энэ сонгуульд У.Хүрэлсүхтэй өрсөлдсөн тохиолдолд ялах магадлал бараг байхгүй. Тэртусмаа улс төрийн өрсөлдөгч хүчний хувьд МАХН сүүлийн үед МАН-ын, У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шүүх прокурор, хууль хүчний байгууллага дахь МАНАН мафийн эсрэг тэмцлийг нь дэмжиж буй ч гардан оролцогч, хамтрагч биш. Тиймээс Н.Энхбаяр өөрөө нэр дэвшсэн ч, өрөөлийг нэр дэвшүүлсэн ч У.Хүрэлсүх шиг  “базари” үнэлгээ болж чадахгүй. Тиймээс Хэнтийн сонгууль бол МАХН-ын хувьд 2020 оны их сонгуулийн өмнөх тандалт юм.

 


АН-Д ШИЙДВЭРЛЭХ ЦОХИОЛТ


Хамгийн сүүлд буюу энэ дөрөвдүгээр сард явагдсан “Сантмарал” төвийн судалгаагаар нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан. ТОП улстөрчдийн жагсаалтыг тэргүүлсэн эхний 10 улстөрчийн тоонд Монголын 2 дахь том улс төрийн хүчин АН-ын дарга С.Эрдэнэ орж чадаагүй явдал. Ардчиллын 28 жилийн түүхэнд АН-ын дарга “Сантмарал”-ын судалгаагаар ТОП 10-т багталгүй үлдэж байсан түүх үгүй. Гэтэл энэ удаад АН-ындарга С.Эрдэнэ  дуучин-гишүүн С.Жавхлангийн энд ч хүрч чадсангүй. Ийм даргатай АН-ынхан Хэнтийн нөхөн сонгуульд оролцох эсэх, ҮЗХ нь хэзээ хуралдах талаар өнөө хүртэл сураг чимээ алга.  Магадгүй оролцоод ч нэмэргүй гэж зарим лидерүүд нь үзэж буй байх.Гэхдээ  намын дарга С.Эрдэнийг үл ойшоож 15 толгойтой болсон АН-ын хувьд  2012-2016 онд Хэнтийг 4 жил удирдсан Ж.Оюунбаатар ҮЗХ-ны шийдвэрийг хүлээлгүй даагаа дахин нэхэхээр бэлтгэж эхэлсэн. Анх нөхөн сонгууль зарлагдах нь тодорхой болсноос хойш л нэр дэвшихээ хэвлэлээр ил далдаар илэрхийлж эхэлсэн түүний хувьд энэ сонгуульд бор зүрхээрээ л өрсөлдөх байх. Учир нь АН-ын хувьд нэр дэвшигч Ж.Оюунбаатарт УИХ-д ч, намын удирдлагын түвшинд ч дэм болчихоор хүн байхгүй. Ард түмэнд гайгүй нэр хүндтэй байсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон Лу.Болд хоёроо С.Эрдэнэ дарга намаасаа хөөчихсөн. Одоо байгаа АН-ын удирдлагуудаас С.Эрдэнээс эхлээд нэр хүнд муутай. Тиймээс С.Эрдэнийн хувьд Хэнтийн сонгууль бол АН-аа аврах уу, нэгмөсөн булшлах уу гэдгийг шийдэх шийдвэрлэх сонгууль юм. Магадгүй  бүх хүчээ хаяад ялалт байгуулж, ядаж УИХ дахь АН-ын бүлэгтээ ганц суудал нэмж авахгүй бол АН намрыг хүлээж чадахгүй накаутанд орж мэдэхээр байна. Тиймээ энэ удаагийн нөхөн сонгууль АН-д шийдвэрлэх цохилтын, МАН-д баталгаажуулалтын, МАХН-ын хувьд улс төрд байсаар байх эсэхээ шийдэх тандалтын сонгууль болно. 


Энэ бүхэн 2019 оны зургаадугаар сарын 30-нд тодорхой болно. 2020 оны Монголын хувь заяа, улс төрийн өнгийг тодорхойлох гол сонголт Хэнтийн 12 мянган сонгогчийн  гарт байна. 

 

Д.Эгшиглэн
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна