Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

АХМАДУУДЫГ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ТӨЛБӨРГҮЙ ЗОРЧУУЛАХ ҮЙЛ ЯВЦЫГ ЗОГСООГООГҮЙ

2019 оны 04 сарын 27

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIV хуралдаанаар зарим журмыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан билээ. Хурлаар хэлэлцсэн дээрх журмуудын үндэслэл болгосон хууль нь хүчингүй болсны зэрэгцээ тухайн харилцааг өөр эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулж буй юм. Тодруулж хэлбэл, хүчингүй болгосон журмууд өдгөө мөрдөж буй хууль тогтоомжид нийцэхгүй болсон гэсэн үг.

 

Гэтэл нийслэлийн ИТХ-аас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ, төлбөргүй зорчуулах үйл явцыг зогсоосон мэт ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээж, нийгэмд бухимдал төрүүлэх боллоо. Нийслэлийн ИТХ-аас 2015 онд баталсан эл журмыг боловсруулахдаа 2005 оны Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг үндэслэл болгосон байдаг. Гэвч үндэслэл болгосон эл хуулийг холбогдох албанаас хүчингүй болгож, 2017 онд Ахмад настны тухай хуулийг баталсан билээ. Эдүгээ мөрдөж буй эл хуулийн 8.2-т “Ахмад настны нийтийн тээврээр төлбөргүй зорчих журмыг Засгийн газар батална” хэмээн заасан. Ингэснээр нийслэлийн ИТХ-аас баталсан дээрх журам хэрэгцээ, шаардлагагүй болж буй юм.

 

Энэ хүрээнд Засгийн газраас 2017 онд 197 дугаартай тогтоол баталж, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам”-ыг баталсан юм. Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн  хамгааллын яам журмын хэрэгжилтийг хангуулан ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ИТХ-аас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих үйл явцыг зогсоогоогүй болно. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж байгаа юм.

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНТХ

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл