Д.Батбаяр: “Хүн залилсан, АТГ-т шалгасан” гэх мэдээллүүд ор үндэсгүйг хариуцлагатайгаар хэлье

Админ
2019/04/30

Кёкшюүзан Д.Батбаяр улс төрөөс холдсоныхоо дараа барилга, уул уурхайн салбарт амжилттай бизнес эрхэлж буй. Түүнийг сүүлийн нэг жилийн хугацаанд нийслэлд хамгийн олон барилга барьсан хэмээн урамшуулан шагнасан байна. Энэхүү шагналаа гардан авсан торгон мөчид нь уулзаж, Д.Батбаярын бизнес болон сүүлийн үед сонсогдоод буй таагүй мэдээллүүдэд нь түүнээс тайлбар авлаа.

 

-Монголын барилгын үндэсний ассоциацын арван жилийн ой болж байна. Энэ ойн хүрээнд таны удирдаж буй барилгын компани шагнал гардан авчээ?

-Барилгын салбарынхан өнгөрсөн 10 жилийн хөгжлөө дүгнэж, хуралдлаа. Цаашдаа Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг хэрхэн багасгах вэ, эдийн засгийн хямралтай энэ үед иргэдийн амьжиргаанд тохирсон орон сууцыг хэрхэн нийлүүлэх вэ гэх мэт асуудлуудын талаар хэлэлцсэн. Мөн энэ үеэр манай компанийг 2018-2019 оны шилдгээр шалгаруулж шагнаж байгаад би болоод миний хамтрагч, Монгол Улсын заан Ч.Батзориг, манай компанийн хамт олон баяртай байна. Бидэнд маш том урам өгч байна.

 

 

-Танай компани аль байршлуудад ямар барилгуудыг барив?

-Төлөвлөгөөгөөр нийслэлийн бүхий л дүүрэгт барилга барина. Эхний ээлжинд дэд бүтцийг нь хангасан, олон улсын стандартад нийцсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвтэй барилга барьж байна. Цэвэр агаар, цэнгэг усанд ойрхон гэдэг утгаараа Яармагт “Ханбогд хороолол”-оос эхлээд гурав дахь хорооллоо барьж дуусч байна. Одоо дөрөв дэх хорооллоо барих ажил руугаа орно.

 

 

-Орон сууцны үнийг бага байлгах боломж, бололцоо ямар байна. Орон сууцны үнийг хэт хөөсрүүлж байна гэсэн шүүмжлэл байдаг?

-Одоогийн энэ байгаа үнээсээ буулгана гэхэд хүндрэлтэй. Яагаад гэхээр барилгын материалын үнэ өсөлттэй байгаа учраас.

 

 

-Таныг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-“Д.Батбаярыг АТГ-аас олон удаа дуудаж шалгасан, бариад хорьчихсон байна” гэдэг мэдээлэл маш их явж байгаа. Хорьсон, дуудсан юм байхгүй. Би ажлаа хийгээд, тэр битгий хэл шагнуулаад явж байна шүү дээ.

 

 

-Сингапурын иргэнийг залилсан гэсэн асуудал бас яригдаад байсан?

-Надад хүн залилсан асуудал огт байхгүй, энэ бол ор үндэсгүй ташаа мэдээллүүд гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Би чинь хятадаар ярьдаггүй хүн шүү дээ. Харин Японуудтай бол бизнесийн хамтын ажиллагаа явуулдаг. Аль болохоор монголынхоо нөхцөлд бизнесээ аваад явахыг боддог. Болохгүй бол японуудаас зээл аваад л бизнесээ хийдэг дээ.

 

 

-Тэгвэл яагаад тантай холбоотой ийм дайралт, ор үндэсгүй мэдээллүүд гараад байна гэж үзэж байна вэ?

-Би огт юм хийдэггүй байсан бол надад ямар ч дайралт ирэхгүй л байх л даа. Маш их ажил хийж байгаа учраас тийм юм болов уу. Энэ жил гэхэд бид уул уурхайн чиглэлийн ажлууд ч хийж байна. “Цэвэр уул уурхай” төслийн хүрээнд их хэмжээгээр хайгуул хийж байгаа. Уул уурхайн төслийг иргэдтэйгээ, хувь хүмүүстэйгээ хамтарч хийж байна.

Барилгын салбарт бид хамгийн их барилгыг барьж байна. Тэгэхээр иймэрхүү хэл, ам гардаг юм болов уу даа. Солонгос явж байгаад иртэл намайг “Хорьчихсон байгаа, баахан шалгасан” гэдэг мэдээлэл гарчихсан байсан.

 

 

-Та уул уурхайн салбарт хаана, ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна вэ?

-Хувь хүмүүс хайгуулын лиценз авчхаад түүнийхээ төлбөрийг төлж чадахгүй, хайгуул хийх зардалгүй байх нь олонтоо байдаг. Ийм хүмүүстэй хамтарч, дэмжээд тухайн газарт нь хайгуул хийж байна. Компани дээрээ бүртгэж аваад олуулаа нэгдэж, хамтарч ажиллаж байгаа.

“Цэвэр уул уурхай” төслийн хүрээнд тэднийг нийлүүлээд “Чингис ворлд майнинг” нэртэй компани байгуулаад японоос хөрөнгө оруулалт татаж өгч байна. Хөрөнгө оруулагчид нь эндээс ашгийнхаа 60 хувийг хүртдэг байх жишээтэй. Энэ үйл ажиллагаа маань эхлээд яг нэг жилийн хугацаа өнгөрч байна.

 

Х.Хулан


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна