Л.Оюун-Эрдэнэ: Хүмүүсийн санааг зовоосонд уучлал хүсье

Админ
2019/05/01

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хөлөө гэмтээгээд БНСУ руу явсантай зэрэгцээд түүнийг  хордуулсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ  БНСУ-аас иржээ. Тэрбээр өөрийн биеийн байдлын талаар тайлбар өглөө.

 


-    Таны бие гайгүй юу.  Яг юу тохиолдов?


-    Дөрвөн өдрийн ажил алдчихлаа. Өөрийн эрүүл мэндээ анхаараагүйгээс ийм байдалд хүрсэндээ уучлал хүсч байна. Хоолны хордлого болоод эмчлүүлээд явж байсан ч хөл рүүгээ орчихсон байна. Өмнө нь бэртэж байсан болохоор нөлөөлсөн юм шиг лээ. Идээт маягийн үрэвсэл болсон байсныг мэдээгүй, цаг алдсан учраас эмч нарын зөвлөснөөр БНСУ явж жижиг хагалгаанд ороод ирлээ.

 


-    Хоолны хордлого хөл рүүгээ орсон гэсэн үг үү?


-    Би ч өөрөө гайхсан. Эмч надад ийм л онош тавьсан. Өнгөрсөн хугацаанд миний талаар янз бүрийн мэдээлэл гарсан. Санаа зовоосонд уучлалт хүсч байна. Нэлээд олон сар эмчилгээ хийлгэж, хяналт орох шаардлагатай болсон. 

 


-    Таныг хордуулсан гэсэн мэдээлэл явсан?


-    Тийм зүйл байхгүй. Өмнө  нь хоолны хордлогонд ороод хордлого тайлах эмчилгээг хэд хэдэн эмнэлэгт хийлгэсэн. Үүнийг л хэлсэн байхыг үгүйгсэхгүй. 

 


-    Яг юунаас хордчихов?


-    Энэ талаар дэлгэрэнгүй ярих нь зохимжгүй байх. Элэгний үндсэн 2-3 үзүүлэлт нэлээд өөрчлөлттэй гарсан. Гэхдээ би үүнийг хордуулчихлаа гэсэн өнгөцөөс хүлээж аваагүй. Өөртөө анхааралгүй явж байгаад дархлаа суларчихав уу л гэж харж байна.

 


-    Монголынхоо эмнэлэгт үзүүлэлгүй Солонгос улс руу явлаа гэж зарим хүмүүс шүүмжилж байгаа?


-    Орон нутагт томилолттой, илүү цагаар их ажиллаж байсан ч  эмнэлэгт үзүүлээд л явж байсан. Гэвч сүүлдээ босч чадахаа больчихсон. Тэгээд хэд хэдэн эмч нарын зөвлөснөөр нарийн шинжилгээнд орох шаардлагатай, эрсдэлтэй гэж үзсэн учраас БНСУ явсан. 

 

Б.Өрнөх

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна