ИРГЭН Д.ГАНХУЯГИЙН ЦЭЦЭД ГАРГАСАН ГОМДОЛ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

Админ
2019/05/06

Иргэн Д.Ганхуяг Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргалаа. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй, гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байхад УИХ-ын гишүүнээс чөлөөлж УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулж байгаа нь буруу, Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж ийнхүү Цэцад хандаад байна. 2018 оны 06 дугаар сарын 11. Энэ өдөр буюу одоогоос яг 11 сарын өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын тухай хуулийн 6.6.3-т заасан үндэслэлээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байжээ. Энэ хуулийн 6.6.3-т зааснаар УИХ гишүүн “…хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болдог аж.

 

Тухайн үед ийм процессын дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрх дуусч, жилийн дараа нөхөн сонгуулийг зохион байгуулах ажил эхэлж, нөхөн сонгуульд оролцох улс төрийн намууд СЕХ-д бүртгүүлээд дууссан. Ийм үед иргэн Д.Ганхуяг ҮХЦ-д гомдол гаргасан нь ажиглагчдын хувьд эргэлзээ тээнэгэлзэл төрүүлж эхлээд байна. Тйимээс үүнээс үүдэн Хэнтийн нөхөн сонгуулийг явуулахгүй байх, хойшлуулах нь хэнд ашигтай вэ гэсэн асуултыг тавихад хүргээд байгаа юм. ҮХЦ гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэх учиртай. Магадгүй гомдлыг шалгахад нэмэлт ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай тохиолдолд Цэцийн дарга хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. Өөрөөр хэлбэл Ганхуягийн гаргасан энэ гомдол сарын дараа болох Хэнтийн нөхөн сонгуулийг дахин 2 сараар хойшлуулж магадгүй юм. Ингэснээр УИХ-ын 42-р тойргийн сонгогчид ирэх намар буюу 9-10 дугаар сар хүртэл УИХ-д төлөөлөлгүй хэвээр байх болоод байна.

 

Энэ нь хэнд ашигтай вэ? УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд улс төрийн 11 хүчин ороолцохоор СЕХ-ноос батламжаа гардан авсан. Парламентад суудалтай МАН, АН, МАХН-аас гадна Хөдөлмөрийн үндэсний нам, МНН, Ард түмний олонхийн засаглал нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Дэлхийн монголчууд нам, Монгол консерватив нам, Зон олны нам, Үнэн ба зөв намууд өрсөлдөнө. Үүн дээр бие даагчид нэмэгдэнэ.

 

УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад жилийн хугацаа үлдсэн ийм үед хэн гэдэг нэр дэвшигч, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь сонголтод чухал нөлөөлгүй. Хэн ч сонгогдсон үлдсэн ганцхан жилд тойрогтоо лав юу ч хийж амжихгүй. Харин аль нам ялах нь ирэх жилийн сонгуулийн өнгөд чухал ач холбогдолтой.

 

Тиймээс гол өрсөлдөөн парламентад суудалтай 3 намын дунд өрнөх нь тодорхой байгаа. Харин нөхөн сонгуулийг энэ зун биш намар хүртэл хойшлуулах нь энэ 3 намын хэнд ашигтай вэ гэдгийг улс төрийн судалгаанаас харж болохоор байгаа юм. “Сантмарал” судалгааны төвийн хамгийн сүүлийн судалгаагаар нийслэл болон орон нутагт МАН болон Ерөнхий сайд рейтингээрээ тэргүүлж байгаа. Цаг, тохироо, улс төрийн нөхцөл байдал гээд бүх зүйл Хэнтийн сонгуульд МАН ялах хамгийн ашигтай үе бол одоо. Тиймээс МАН-ын хувьд ямар ч аргаар нөхөн сонгуулийг хойшлуулалгүй явуулах нь ашигтай. Харин АН-ынхны хувьд энэ хаврын улс төр нэлээд ширүүсч намын лидерүүд нь хоорондоо үзэлцэж, хэд хэдэн бүлэглэлд хуваагдсан.

 

УИХ дахь АН-ын бүлгийг үүсгэж байсан 2 гишүүн нь бүүр өөр нам байгуулаад орон нутагт ажиллаад эхэлсэн. АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг одоогоор нам байгуулаагүй ч “Нэгдмэл монгол” хөдөлгөөн үүсгэн С.Эрдэнийн эсрэг цахим орчинд дайтаж буй. С.Эрдэнийг АН-ын даргаас зайлуулна гэдгээд заналтайгаар зарласан. АН-ыг шинэчлэгч залуучууд нь өнөөдөр С.Эрдэнийг огцрох шаардлага өгсөн бол гишүүд нь АН-аас гарч буйгаа ээлж дараалан мэдэгдэж буй. Ийм үед С.Эрдэнэ Хэнтийн сонгуульд АН-аас хэнийг ч нэр дэвшүүлсэн АН-д ялах ямар ч шанс байхгүйг жирийн хэнтийчүүд хүртэл ярьж байна. Ядаж байхад АН-аас нэр дэвшин өрсөлдөхөөр 3-ын гурван хүний нэр одоогоор тодорхой болсон. Хэнтийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг АН-аас нэр дэвшүүлнэ хэмээн хавраас хойш л бэлтгэж буй. Гэвч УИХ-ын гишүүн асан Г.Гарамгайбаатар намаа аврахын тулд бие даагаад ч хамаагүй Хэнтийчүүдийг төлөөлнө гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцээд “Нэгдмэл монгол” хөдөлгөөний тэргүүн Н.Алтанхуяг өөрийн зөвлөх асан, өмнөх сонгуульд бас сойгдсон С.Хүдэрбаатар дэвшүүлэхээ зарлалаа.

 

АН-ын лидерүүд дотроо дайтсан, дарга цэрэггүй хөл толгойгоо олохгүй бужигнаж буй ийм үед Хэнтийн сонгуулийг одоо явуулах нь АН-д ашиггүй. АН-ын угшилтай нэр дэвшигчид нь хоорондоо саналаа хувааснаар л дуусна. Тиймээс иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийг хамгаалсандаа ч биш, экс гишүүн Д.Гантулгыг хайрласандаа ч биш харин АН-ынханд дотоод үймээн бужигнанаа цэгцэлж намар хүртэл хугацаа авч өгөх гэсэндээ л ҮХЦ-д гомдол гаргасан гэж үзэж болохоор байна. Тэртусмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянгатай маш ойр, хувь, хувьсгалын ажил амьдралынх нь дотны зөвлөгч хүн ийм эгзэгтэй үед ҮХЦ-д гомдол гаргасан нь шууд утгаараа АН-ын угшилтай Ерөнхийлөгчийн явуулж буй “бодлого” хэмээн харагдаж байна.

 

Tvmongolia.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна