Их хэмжээний авлига авсан МХЕГ-ын дарга нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр

Админ
2019/05/09

МХЕГ-ын дарга нар авлигын хэргээр шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болсон. Тодруулбал хоёр жилийн өмнө буюу 2017 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар 700 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдсан юм.

 

Тухайлбал, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын гэрт нь нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Мөн албан өрөөнд нь нэгжлэг хийхэд их хэмжээний мөнгө хураагдсан. Уг нь дээрх хэргийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож,  прокурор яллах дүгнэлттэйгээр шүүхэд хэргийг нь шилжүүлсэн ч ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосон юм.   

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан шийтгэх тогтоолын зарим хэсгээс  танилцуулж байна.

 

Нийслэлийн прокурорын газраас:

Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,

 

Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,

 

Д.Хандсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

 

М.Цагаанбаатарт Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

 

Э.Онон, М.Нарангэрэл нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

 

Ш.Тэгванданд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Ж.Саруулд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

 

Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат,  Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Т.Чингиз нарт Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянаад:

 

Шүүгдэгч Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж,

 

Шүүгдэгч Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг ЭХТА-ийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч М.Цагаанбаатар, Э.Онон, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангуль, Э.Оргил, Т.Чингиз нарыг “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

 

Харин Н.Гантулга, Т.Чингиз, Н.Маржангуль, О.Баттөр, Э,Оргил нарыг Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул тэдгээрийг ялаас чөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч Д.Хандсүрэн, М.Нарангэрэл нарт холбогдох хэргийг Хахууль өгөх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Зандансүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг үйлдэж төгсөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэснийг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Түүнчлэн шүүгдэгч Ш.Тэгванданг Хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд бусдад зуучилж, дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна