“МИАТ” ХК-ийн хөрөнгөлөг дарга Б.Амарсанаа ажлаасаа халагджээ

Админ
2019/05/09

Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн холбогдох заалтыг үндэслэн “МИАТ” ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаагийн 2017, 2018 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахад нэлээд зөрчил илэрчээ.  Тэрбээр өөрийн болон гэр бүлийн гишүүний цалингийн орлогыг дутуу мэдүүлжээ. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг 2017 онд худалдсаны орлого, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийн хүүгийн орлого,  өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэгт байрлах 1 орон сууц, Хан-Уул дүүрэгт байршилтай 2 орон сууц, Баянзүрх дүүрэг дэх 1 авто зогсоолыг тус тус мэдүүлээгүй байна.

 

Түүнчлэн Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт байрлах 2 орон сууцыг худалдан авахад ашигласан гэх арилжааны банкнаас авсан зээл, өөрийн нэр дээр бүртгэлтэй 2 тээврийн хэрэгсэл, өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй хувьцаануудыг мэдүүлээгүйн дээр өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламж, харилцах данснуудын үлдэгдлийг зөрүүтэй мэдүүлсэн нь илэрсэн байна.

 

Дээрх зөрчлүүд нь бүртгэл, хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, лавлагаа болон бичгийн нотлох баримт, мэдүүлэг гаргагчийн өгсөн тайлбар зэргээр тогтоогдсон тул Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасан хариуцлагыг тооцуулах шаардлагатай гэж үзэн Авлигатай тэмцэх газраас “МИАТ” ХК-д албан бичиг илгээжээ. 

 

Улмаар “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр Б.Амарсанааг дээрх зөрчилтэй нь холбогдуулан Сургалтын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна