С.Баярцогтын хэргийг хаахаар болжээ

Админ
2019/05/10

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтын оффшорын хэрэг хаагдахаар болжээ. Энэ талаар “Өнөөдөр” сонин мэдээлсэн байна.  Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй, “Леженд плас капитал лимитед” компанийг С.Баярцогт нар 2008 онд байгуулж, Швейцарын “Кредит свис” банканд хувийн данс нээлгэн их хэмжээний мөнгө хадгалуулж байснаа тэрбээр ХАСХОМ-тээ огт дурдаж байгаагүй бөгөөд 2013 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумынхан оффшор бүсэд данстай манай улсын албан тушаалтан, бизнес эрхлэгчдийг ил болгоход олон хүний нэрс гарч ирсэн билээ. 

Үүнтэй холбоотойгоор АТГ-ынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй, “Леженд плас капитал лимитед” компани байгуулан Швейцарын “Кредит свис” банканд эх үүсвэр нь тодорхойгүй 1 412 982 ам.доллар 2008 онд байршуулсан, 2009 онд дээрх банкан дахь дансандаа эх үүсвэр нь тодорхойгүй 9 200 000 ам.долларын орлогын гүйлгээ хийж, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний хөрөнгө олсон, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр байцааж байсан билээ. Тэгвэл АТГ-ын дарга нар солигдохын өмнөхөн буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр оффшор бүсэд С.Баярцогт хөрөнгөө байршуулсан гэх хэргийг хаах саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна