Нөхөн сонгууль болох уу

Админ
2019/05/26

Иргэн Д.Ганхуяг  Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой гомдлыг Үндсэн хуулийн цэцэд энэ  сарын 05-нд гаргасан. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй, гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байхад УИХ-ын гишүүнээс чөлөөлж нөхөн сонгууль зарласан нь буруу, Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж буй юм.

 

ҮХЦ гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэх учиртай. Магадгүй гомдлыг шалгахад нэмэлт ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай тохиолдолд Цэцийн дарга хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. Өөрөөр хэлбэл Д.Ганхуягийн гаргасан энэ гомдол Хэнтийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сард явуулна гэдэг нь эргэлзээтэй юм. Учир нь Цэц одоогоор хэзээ хуралдаж шийдвэрээ гаргах нь тодорхойгүй байна.

 

Цэц асуудлыг хэрхэх нь тодорхойгүй ийм үед намууд хуулийн хугацаанд багтаж эхнээсээ нэр дэвшигчдээ албан ёсоор зарлаж эхэллээ. МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг сойж буйгаа албан ёсоор мэдэгдсэн бол МАН-ын Удирдах зөвлөлөөс мөн л намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлнэ гэдэг дээр тохирсон мэдээлэл байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы индэр дээрээс энэ УИХ-ыг тарахыг шаардаад байгаа. Ийм үед улс төрийн намууд УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ зарлаж буй нь улс төр болон хууль эрх зүйн хувьд хэр бодитой вэ гэдэг асуултыг тавихад хүрээд байна.

 

2020 оны УИХ-ын сонгууль болоход яг жилийн хугацаа үлдсэн. Хэрэв Цэц иргэн Д.Ганхуягийн гомдыг хүлээн авсан тохиолдолд Хэнтийн нөхөн сонгууль намар хүртэл хойшлогдоно. Өөрөөр хэлбэл УИХ-ын намрын чуулган 10 дугаар сарын 04-нд эхлэхтэй зэрэгцээд нөхөн сонгуулийг дахин зарлана, дахин зохион байгуулна гэсэн үг. Тэгээд зарласаар байтал УИХ-ын намрын чуулган талдаа орно. 2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жил үлдэнэ. Өөрөөр хэлбэл Хэнтийн нөхөн сонгууль явуулах шаардлагагүй болох юм.

 

Улс төрийн хувьд 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлохоос өөрөөр сонгогчдод ямар ч ач холбогдолгүй энэ нөхөн сонгуульд 287 сая төгрөгийг зарцуулж байгаа. Үүн дээр  сонгуульд оролцохоо мэдэгдсэн 11 улс төрийн нам нэлээд их мөнгө хөрөнгө зарах нь тодорхой. Гэтэл үлдсэн ганц жилийн хугацаанд өчнөөн хөрөнгө зарж ийм сонгууль явуулах нь хэнд хэрэгтэй юм бэ?

Одоогоор нэр дэвших нь тодорхой байгаа Н.Энхбаяр болон У.Хүрэлсүхийн хувьд ч энэ сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь ямар ч ач холбогдолгүй бөгөөд УИХ-д хэн нь ч сонгогдсон юу ч хийх боломжгүй юм. Ганц намынх нь хувьд л 2020 оны сонгуулийн рейтингийг тодорхойлоход тустай болохоос өөрөөр хэнд ч хэрэггүй ийм нхөн сонгуулийг явуулах шаардлагагүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. Ямартай ч Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр энэ нөхөн сонгуулийн хувь заяа шийдэгдэнэ. Харин энэ шийдвэр улс оронд хэрэгтэй байх уу эсвэл улс төрийн намуудад ашигтай байх нь уу гэдгийг хүлээх л үлдэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна