МАН: Нөхөн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвшихээр бэлтгэлээ хангасан байсан

Админ
2019/05/28

Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан  МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Улс төрийн бодлогын газрын даргаар Н.Батсүмбэрэл  нар мэдээлэл хийлээ.  Тэд мэдээллийнхээ эхэнд “АН-ын дарга С.Эрдэнэ Үндсэн хуулийн цэц эрх баригч намын захиалгаар шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдэж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.

 

"Нөхөн сонгууль 2020 оны сонгуулийн ялалтын эхлэл болно гэдэгт итгэлтэй байсан"

 

Б.Баярбаатар энэ талаар “Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар нөхөн сонгуулийг түтгэлзүүлээд байна. Нөхөн сонгуулийн хугацааг өнгөрсөн  нэгдүгээр сарын 2-ны өдөр зарласан.  МАН-ын хувьд тус сонгуульд оролцохоор бэлтгэлээ бүрэн хангасан байсан. Сонгуульд оролцохоо илэрхийлсэн, тус тойрогт нэр дэвших боломжтой хүмүүсийн нэрсийг гаргаад байсан. Өнөөдөр манай нам тавдугаар хурал хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулах байлаа. Гэвч ҮХЦ нөхөн сонгуулийг түтгэлзүүлчихлээ.

 

Цэцийн шийдвэртэй хэд хэдэн зүйлээр МАН санал  нийлэхгүй байна.  Агуулга биш тоо хөөсөн шийдвэр гарсан гэж үзэж байна. Мөн сонгуулийн зардал Цэцийн хэлэлцэх асуудал биш. Ийм шийдвэр гарсанд харамсаж байна.

 

Манай намаас Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээр бэлтгэлээ хангаад байсан. Бид ялалт байгуулна, 2020 оны сонгуулийн ялалтын эхлэл болно гэдэгт итгэлтэй байсан.  

 

Гэвч АН-ын дарга С.Эрдэнэ Үндсэн хуулийн цэц эрх баригч намын захиалгаар шийдвэр гаргалаа гэх утга бүхий ярицлага өгсөнд үнэхээр харамсаж байна. Харин ч нөхөн сонгуулийг явуулах байх акцыг Ардчилсан намыхан өөрсдөө хийсэн.  Учир нь Ардчилсан нам ялагдал хүлээх нь ойлгомжтой байсан.

 

Хэд хэдэн судалгааны дүнгээр У.Хүрэлсүх ялах нь тодорхой байсан. Тухайлбал “Непко” судалгааны төвийн гаргасан судалгаагаар МАН-ын дарга, Ерөнхий  сайд У.Хүрэлсүх улстөрчидөөс хамгийн өндөр рейтингтэй байгааг тогтоосон.

 

Нөхөн сонгуульд АН ялагдал хүлээвэл С.Эрдэнийн суудал яригдана. Тиймээс Ардчилсан намынхан өөрсдөө нөхөн сонгуулийг явуулахгүй байх бүх ажиллагааг хэрэгжүүлсэн. Бид энэ талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй байсан" гэлээ.

 

"Ардчилсан намынхан ялагдахаас айсандаа нөхөн сонгуулийг явуулахгүй байх бүх ажиллагааг хэрэгжүүлсэн"

 

Мөн Н.Батсүмбэрэл “МАН бол улстөрийн сонгуулиудад тогтвортой оролцож улс төрийн соёл гаргаж ирсэн. Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох бэлттгэлээ хангачихсан байсан. МАН-ын дарга Гэвч ҮХЦ-ийн шийдвэртэй холбогдуулж Засгийн эрх барьж байгаа нам руу дайрч давшлах үзэгдэл их гарч байна. Сөрөг хүчний зүгээс улстөржилтийн бүхий л хэлбэрээр хийж байна.

 

Энэ нь  2012-2016 оны хооронд төрийн шонхууруулж байсан хүмүүстэй хариуцлага тооцож эхэлсэнтэй нэг талаараа холбоотой. УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн.
АН-ын дарга С.Эрдэнэ болчимгүй юм ярьж байна. Манай нам Хэнтий аймагт 2-3 удаагийн судалгаа хийлгэсэн. Нэр дэвшигчийн рейтинг хамгийн өндөр байгаа нь тогтоогдчихсон. 


Ардчилсан нам хоёр хуваагдсан. Мөн энэ нөхөн сонгуульд АН-ын угшилтай хоёроос гурван хүн нэр дэвшихээр яригдаж байсан. Өөрөөр хэлбэл АН ялагдах магадлал өндөр байсан. Тиймээс Нөхөн сонгуулийг явуулахгүй байх  бүх ажиллагааг АН-ын өөрсдөө удирдан явуулсан. Ингэхдээ судлаач Ганхуяг гэж хүнийг МАН-тай хамаатуулж байна.

 

Улстөр судлаач Ганхуяг МАН-д гишүүнчлэлгүй. МАН-ыг сонгуульд бэлдэж байх явцад ҮХЦ шийдвэр гаргалаа. Цаашдаа сонгуулийн асуудал хэрхэн өрнөхийг бид мэдэхгүй байна. МАН сонгууль маргааш болсон ч оролцоход бэлэн байна” гэлээ.  
 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна