Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Эрдэнэтийн 49 хувийн хэргийн холбогдогчидтой уулзахыг хоригложээ

Админ
2019/05/29

"Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэрийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргасан билээ. Улмаар Д.Эрдэнэбилэгийг АТГ-т буй тус газрын болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шөнө хүргэсэн юм. Харин өнөөдөр бусад холбогдогчдыг нь цагдан хорих, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх талаар эх сурвалжууд байсан ч одоогоор яг хэзээ болох нь тодорхойгүй байна. 


Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэргийн холбогдогч нартай уулзуулахгүй байх шүүхийн шийдвэр гарч, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Өөрөөр хэлбэл ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нартай уулзахыг хориглосон байна.


Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон тэргүүтэй хүмүүсийг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр НПГ-аас яллагдагчаар татах санал хүргүүлсэн. Улмаар тус НПГ-аас яллагдагчаар тооцоод байгаа бол  Ерөнхий  сайд асан Ч.Сайханбилэгийг мөн уг хэрэгт яллагдагчаар татах саналыг УЕП-ын ажлын хэсэг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байгаа билээ.   
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна